Монголчууд амралт зугаалгаар хөдөө орон нутгийг зорих нь жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэхдээ тухайн орон нутгийн уул овоонд сүслэн мөргөхдөө боов, чихрээс гадна мөнгө төгрөг өргөдөг гаж сүсэг бишрэлд улам бүр автаад байна. Уг нь уул ус, лус савдагаа аргадаж, хүндэлж байгаа л юм бол байгаль эхээ бохирлох нь буруу шүү дээ. Харамсалтай нь байгаль дэлхийдээ залбирч байж үүнийхээ эсрэг үйлдэл хийж байгаагаа ойлгож сэхээрч байгаа хүн ховор байна даа.
Ялангуяа үндэсний мөнгөн тэмдэгтээ аль нэг уул овоонд тавих нь буян биш гэдгийг эрхбиш ойлгомоор юм! Аливаа улсын мөнгөн тэмдэгт бол хаа хамаагүй хаячихдаг хог биш гэдгийг эрхбиш ухаарах цаг болжээ. Тухайн хүн аж жаргалтай, эрүүл саруул, элбэг хангалуун амьдарья гэж бодож хүсч байгаа л бол өөрөө зөв, шударга, ёс суртахуунтай явах ёстой билээ. Түүнээс биш уул хаданд мөнгө төгрөг наагаад нэмэргүй л дээ.
Д.Лхагва