Грекийн Родос арал дээр тав дахь өдрөө үргэлжилж буй ойн түймэр суурин газруудад хүрчээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буйгаар, байгалийн гамшигт нэрвэгдсэн арал дээр жуулчид болон нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.
Олон мянган жуулчныг зочид буудал, наран шарлагын газруудаас аюулгүй газарт аваачжээ. Аврах ажиллагаанд Грекийн арми, Эргийн хамгаалалтын албаныхныг дайчилжээ. Түймрийг унтраахад 200 гаруй гал сөнөөгч, 40 гаруй автомашин, 3 нисэх онгоц, 5 нисдэг тэрэг оролцож байна.
Ням гарагт зарим бүс нутагт 45 хэм хүрч халах төлөвтэй байгаа бөгөөд хэт халууны улмаас гал түймэр гарах эрсдэл их байгааг эрх баригчид ард иргэддээ анхааруулжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.