Зуны сар зургаа биш. Одоо энэ их хөлгүй найр наадмаа цэглээд ажил төрөлдөө анхаарая. Үндсэндээ 7 дугаар сарын 1-нээс хойш монголчууд амралтын уур амьсгалд шилжлээ. Хөдөө явсан, энэ тэндэхийн наадам хэссэн, амарч зугаалж, айраг архи эргүүлсэн дүр зураг одоо ид хүчээ авч байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатанд байна вэ? Наадмын дараа Ерөнхий сайд эрчим хүчний салбарынхныг хүлээн авч уулзаж санал бодлогыг сонсоход нөгөөдүүл нь хэцүүхэн л зүйл ярьцааж байсан. Хамгийн томоохонд тооцогддог “ДЦС-4”-ийн олон хүн нийгмийн асуудлаа голоод ажлаасаа гарцгаасан учир цаашдаа хүний нөөцийн хомсдолд орж мэдэхээр байгааг захирал нь нуугаагүй. Энэ бол жижиг асуудал биш. Эрчим хүч доголдоод эхэлбэл энэ улсын амьдрал гэрлийн хурдаар уруудна. Ирэх жилийг гал алдчихалгүй даваад, эрчим хүчний шинэ эх үүсвэрээ шийдмээр байна. Уг нь “Эрчим хүчний асуудал хямралд орсон, шинэ гарц хайх шаардлагатай” гэж сайд даргагүй ярьж байгаа ч хийж байгаа юм байна уу?!
Энэ жилийн хувьд нийт нутгаар зуншлага сайн байгаа. Хадлан тэжээл бэлтгэх ажил хэзээ эхлэх юм бэ? Малчид юу бодож байна? Орон нутгийн засаг захиргаа наадмын нээлт дээр гоё дээл шигээ урамтай сайхан үгс хэлж байгаа ч ганцхан сарын дараа уулархаг нутгаар нойтон цас хаялаад эхлэхийг тооцоолж байгаа биз дээ? Төрийн шат шатны байгууллагуудын удирдах ажилтнууд хэзээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаралтай зохион байгуулах юм бэ?!
Д.Лхагва