И мартын нэг давхарт байдаг Солонгос хоолны газарт 30 гаруй насны хүүхэн орчноо мартан хэн нэгнийг байдаг чадлаараа хашгиран зандарна. Гайхсандаа харвал дөнгөж 19 насны орчим хоёр охины царай нь хувхай цайж айсан байртай дуугаа хураан зогсоно. Яавч бусдын өмнөөс буруу үг хэлэх охид биш байлаа. Олон нийтийн газарт байгаагаа үл тоож эрээ цээргүй авирлах дээрэнгүй хүүхэнд санаа зовсон шинж огтоос алга.
Жуковын хөшөөний зүүн талд байх Ерөнхий боловсролын сургууль. Хүүхдээ авахаар ирсэн бололтой хоёр гурван хүүхэн дотогшоо оров. Улавч өмсөж орох ёстой гэж үүдний жижүүр шаардлага тавьсан боловч шавхайтай гутлынхаа мөрийг татуулан шууд дайраад орчихлоо. Эмэгтэй хүмүүсийн ухамсар ингэтлээ дор орсонд үнэндээ гутрав.
Найз маань өмнүүр нь гүйсэн хүнээс болоод тормозоо гишгэтэл арынх нь машин мөргөчихөв. Машинаас гарч ирсэн хүүхэн өндөр дуугаар хашгирч гарлаа. “Гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. Би дайраад унагах ёстой байсан юм уу? Чи зайгаа барьж явахгүй яасан юм” гэж найз учирлавал нөгөө хүүхэнд ойлгох чадвар, ухаан алга. Зайгаа барьж яваагүй тэр хүүхний буруу гэдгийг толгой нь хүлээж авахгүй нь эмгэнэлтэй. Бодвол гар утсаа шагайж яваад өмнөхөө хараагүй бололтой.
Нотариатын газар. “40 гаруй насны эмэгтэй нотариатын туслах эмэгтэйг загнаж гарав. “Дахин дахин хэллээ. Та ойлгохгүй байна уу?” гэж хэлсний төлөө тэр шүү дээ. Өөрийнхөө бичиг баримтыг батлуулах гэж байж бусдыг доромжилдог тэнэг хүн байдаг аа?
Эмэгтэй хүмүүс уг нь хамгийн ухаалаг, зөөлөн байх ёстой. Бүүвэйн дуугаараа хорвоог уяраадаг шиг амьдралын аливаа асуудлыг уян зөөлөн, өршөөлт энэрэнгүй, хүнлэг сэтгэлээрээ зөөллөж явах учиртай хүмүүс бол эмэгтэйчүүд. Харамсалтай нь зан харилцаа, ёс суртахуун, үзэл бодлын хувьд улам л дордоод байгаа эмэгтэйчүүд цөөнгүй байна. Өндөр хөгжилтэй орнуудад соёлын шинэ үе үүсээд удаж байхад бид ухарсаар байх уу?
Д.Лхагва