Энэ чинь одоо юу болж байна вэ?! Цөвүүн цаг ирэхэд хүн хүндээ чоно болдог гэх үг бий. Монголчууд цөөхүүлээ. Гэтэл нэг нэгэндээ сайхан хандлага үзүүлэх тухай ойлголт бараг алга болчихож. Сургууль, цэцэрлэг дээр бөөн маргаан. Нэг хүүхэн, эсвэл эмэгтэйлэг залуу хүүхдээ өмөөрч тэнгэр газар нийлтэл хэрүүл хийнэ. Гудамж талбайд улаан хараал зүхэл. Зөрөхдөө хэн нэгнийг санамсаргүй шүргээд өнгөрсөн учраас тэр. Авто зам дээр эр хүний шинжгүй, ойворгон шалчигар эрс, хэл амтай авгай хүүхнүүд өөрсдөө дүрэм зөрчиж осол хийчихээд буруугаа хүлээхгүй бархирах дүр зураг хаа сайгүй. Зоогийн газарт үйлчлэгч охиныг тэнхээ мэдэн улалзтал загнах хөндий толгойтой дээрэнгүй хүүхнүүд хэнээс ч үл санаа зовж, эмээнэ. Аливаа асуудлын учрыг олж байж дуугарах уужим ухаан даанч холдож. “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг маш гүнзгий учир утгатай сургааль үгийн үнэ цэнэ атгаг бодолд нь дийлдээд бна. Ерөөсөө л хэдэн адгуус араатан хашчихсан мэт уралцана. Гудамж талбайд нус цэр, хогоо хаях нь дэндлээ. Шаардлага тавьсан хүний өөдөөс хэрэлдэхээ л мэдэхээс, өөрийнхөө бурууг огтхон ч үл хүлээнэ. Автобусанд ахмад хүнд суудал тавиад өгөөч гэсний төлөө ичмээр ноцно. Хүмүүсийн соёл хандлага, хүний мөс 30 жилийн өмнөхөөс дордсон байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Монгол хүний нэр хүндээс Монгол Улсын нэр хүнд шалтгаална гэдгийг ойлгох ухаан чадвар үнэндээ алга. Монгол хүн өвөг дээдсээс уламжлан ирсэн язгуур араншингаараа бусад улс үндэстнээс ялгарч, онцгойрч харагддаг юм шүү дээ, уг нь. Харамсалтай нь хөгшин, залуу, эр, эм, хөдөө, хотын гэлтгүй нэг л биш болчихож. Ахмад хүмүүс үгийн сайныг хэлж, бодлын дээдийг тунгааж явах учиртай. Хүүхэд залуус ахмадаасаа үг сонсч, үлгэр жишээ авч явдал мөрөө тэгшлэх ёстой байдгийг бид мартаад эхэлчихэж ээ!
Мэдээллийн сайтууд, сонин хэвлэлүүд эздийнхээ даалгавраар тэнцвэртэй мэдээлэл гэдэг сэтгэлзүйн алтан зарчмыг уландаа гишгэн нэг талыг барьж, яс хаясан мэдээллээр хооллоно. Амьдрах арга нь ийм байдлаар солигдоод даанч удлаа. Мэргэжлийн үнэ цэнэ, утга учир харамсмаар алдагдав. Бусад руу хүмүүнлэг бусаар хатуу ширүүн, хайр найргүй довтолж, гүтгэж байгаагаар сэтгүүлчийн ур чадварыг үнэлдэг болчихсон юм уу?! Сошиал орчинд бүр ярилтгүй. Хүнийг доромжилж, гүтгэж л байвал таашаал авдаг, сэтгэл нь ханадаг, нойр нь хүрдэг, хоол хоолойг нь давдаг болчихож. Уг нь Монгол хүн хэн нэгнийг гомдоох үг хэлсэн бол хэдэн өдөр сэтгэл нь зовж, хоол хоолойг нь давдаггүй байсан юм. Хүний мууд дурлах, мууг нь үзэхийг цээрлэхийн дээдээр цээрлэдэг байсан юм! Монгол хүний нэгнийгээ өмөөрөх, ойлгох, уучлах, энэрэх сэтгэлийн орон зай тун бага үлдлээ. Хүн чанарын хомсдол Монгол Улсын ирээдүйг бүдгэрүүлж эхэллээ! Аливаа үндэстний оршин тогтнох үндсийн үндэс нь эв нэгдэл гэдгийг яагаад ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байна вэ? Төр засаг ч тэр, ард иргэд ч тэр энэ асуудалд онцгой анхаарахгүй бол нийгмийн сэтгэлгээ хэдийнээ хүндээр өвчилж эхэлсэн байна!
Д.Лхагва
1 сэтгэгдэл
ёстой зөв асуудал хөнджээ