“АЛАЛЦАНА” гэдэг амнаас гардаг муу муухай үгийн хязгаарт нь тулгасан, амьдралдаа хэлэхгүйгээр цоожлохоор аймшигт үг. Энэ үгийг дээр доргүй амнаасаа унагадаг өдөр тутмын хэрэглээний ерийн үг болжээ. Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийхээр 30 сэтгүүлч дагаж явна гэсэн нь бөөн хэрүүл….бөөн талцаан…Ирээдүйн залууст инээдэмт жүжиг болж үлдэнэ. Монголчууд хоорондоо алалцсаар байгаад Манжид 200 гаруй жил дагаар орж, Их монгол улс дэлхийн газрын зураг дээр харагдахгүй болсон эмгэнэлт түүхтэй. Арай ядан өвгөд дээдэс маань, нөгөө нэгэн жарнаас хамаагүй илүү хараалгаж, сүнсээ зайлуулсан муу нэрт хар, шар феодлууд 1911 оны цагаагчин гахай жил Монголоо эргүүлж авчирсан ч талын талыг нь хилийн цаана орхисон гашуун түүхээ мартаж орхижээ. Дэлхийн хамгийн урт ужгирсан гурван улсын гэрээг Хиагтад хийж, Хятад, Орос хоёроор зөвшөөрүүлсэн. ӨРСӨЛДӨНӨ гэдгийг ч чанга дуугаар хэлж үзээгүй өнгөрсөн үеийн ахмад сэтгүүлчдийн нэг хэсэг миний үеийнхэн. Сэтгүүлчид л гэдсэндээ хөлөө жийлцвэл нийгмийн оюун санаа бүрмөсөн дампуурч, гаднын идэш болоход ганц хуруу дутаж байгаа нь тэр. МОНГОЛ ОРОН, МОНГОЛ ХҮН гэдгийг гутааж доройтуулахыг гаднаас бус дотроосоо хийсээр байгаа нь үндэстний эмгэнэл, гашуудал…. Сэтгүүлч хүн Төр, засгийн тэргүүний айчлалыг дагаж сурвалжлах нь ердийн зүйл, ердийн хар ажил…Үүнийг бичиглэгч П.Очирбат , Н.Багабанди, П.Жасрай гуай зэрэг төр, засгийн тэргүүнүүдийн айлчлалыг газар дээрээс нь сурвалжилж байлаа. Та нар өөрсдөө, редакц чинь замын зардлаа аргалаарай гэдэг байсан шүү дээ. Юун нөгөө оронд тансаглах…юун нөгөө зочид буудалд тарвалзах… юун нөгөө үзэж харах…юун бишрэх гайхах…Хамт дагалдсан сайн санаат бизнесментэй нэг орон дээр унтсан болж, кофе уух ч завгүй арагшаа мэдээ өгөх, шөнөжин сууж бичсэн сурвалжлагаа тухайн орны элчин сайдын яамны хэрэгслийг ашиглан арай ядан дамжуулж байлаа. Жаахан хөлчүү Борис Ельцингийн дэргэд зогсож байсан маань гавьяа ч биш…зөвхөн дурсамж… Сэтгүүлч хүний замын хүзүү урт…Урт байх тусмаа ухааждаг. Юу үзэж харснаа хуваалцаж, яаж бичихээ хоорондоо ярилцаж, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж явж билээ, миний муусайн ахмад сэтгүүлчид…. Нэг л эрэг дээр байгаа, нэг л санаатай хөл зэрэгцэн алхаж яваа нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч байх ёстой, байж ч байгаа эрхэм ЗАЛУУ СЭТГҮҮЛЧ ТА НАРЫН ТОХИЛЦООН МОНГОЛЫН СЭТГҮҮЛЗҮЙН АГААРЫГ МУУХАЙ БОХИРДУУЛЖ БАЙНА шүү гэдгийг хэлье. Америкт хөл тавина гэдэг аймагт очихтой адилхан болсон шүү дээ.
МУСГЗ, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав. 2023. 07. 19