Барууны орнуудад тагтааг нисдэг харх хэмээдэг. Учир нь тагтаа зөвхөн хот суурин газрыг, тэр дундаа хог хаягдал бараадан амьдрах агаад ялгадас нь 60 төрлийн халдварт өвчин тээдэг аж. Тагтаа шувуу барууны орнуудын уран барилгын гайхамшиг болсон сүм дуганы дээврийг ялгадсаараа ёстой л нэг сүйд хийсэн. Тиймээс тагтаа хооллохыг хориглосон самбар газар сайгүй тавьж, хооллосон тохиолдолд 50 хүртэлх еврогоор торгохоор заажээ. Манай Төв Гандантэгчэнлин хийд ч ийм шийдвэр гаргаад удаагүй байна. Харамсалтай нь, хүмүүс хашааных нь гадна тагтаа хооллодог болж.
Эл шийдвэрээс хойш Гандангийн ихэнх тагтаа хотоор нэг тарав. Одоо тэд хогийн цэг, автобусны буудал, орцны дээвэр дээр үүрлэж байна. Тагтаа халдварт өвчний цөм болсны дээр хог юухнаар хооллож буй тагтаа тав алхаад л тааралдана. Гэхдээ хотын төвийн цэвэрхэн бүсээр биш шүү.
Та тал хээр нутаг, ой хөвчид тагтаа харсан уу? Үгүй л болов уу. Тэд хот суурин, хог хаягдал л дагаж амьдардаг. Америкийн Бирмингем хотын захиргаанаас “Тагтаа хооллохыг хориглоно. Тагтаа дагаж харх ихэслээ” хэмээн анхааруулжээ. Харх 80 төрлийн халдварт өвчин тээдэг. Харин мах нь ядаргаанд сайн гэдэг тагтаа хогоор хооллож, өмнө дурдсанчлан олон төрлийн халдварт өвчин тээдэг. Тагтаа жилд зургаан удаа үржилд ордог. Тэдний үржил хооллолтоос хамааран хэлбэлздэг аж. Монголчууд бид буян арвижуулна хэмээн үзэж тагтааг хооллодог болохоор үржил нь их байдаг аж. Аливаа амьтан ингэж олширсон тохиолдолд бөөнөөр нь устгах хэрэгтэй. Америкт тагтааг тусгай хор, шувууны ерөндөг, хооллохыг хориглох зэргээр устгаж тоо толгойг нь хянадаг аж. Энэ мэт хэт олширсон амьтантай тэмцэх арга зам олон бий. Тэд энхийн цагаан тагтаа биш, нисдэг харх. Цонхны тавцан дээрээ талхны үйрмэг цацаж тагтаа дууддаг бол та үүнийгээ зогсоож, Гандантэгчэнлин хийдэд очиж, нууцаар ч атугай хооллохоо болих нь зүйтэй болов уу.
» Тагтааны ялгадас 60 төрлийн халдварт өвчинтэй.
» Тагтааны ялгадас хатахаараа нунтаг болж, салхиар агаарт дэгдэж, алхаж гишгэхэд бужигнадаг ажээ.
» Европын ихэнх оронд тагтаа хоолловол 50 хүртэлх еврогоор торгодог.
» Хойд Америкийн Хөдөө аж, ахуйн яамнаас тагтааг зүй ёсоор хөнөөлт амьтан гэж үздэг.
Өвчилсөн тагтааны ялгадас халдвартай. Ялгадас нь хатахаараа нунтаг болж, салхиар агаарт дэгдэж, алхаж гишгэхэд бужигнадаг ажээ. Зоонозын өвчин судлалын төвөөс энэ талаар тодруулсан ч тоймтой хариу өгөөгүй тул олон улсын зоонозын мэргэжилтнүүдийн судалгааг дэлгэе. Тэнд тагтаанаас хүнд халдварладаг түгээмэл дөрвөн өвчнийг өгүүлснийг доор хөрвүүллээ.
1. Мөөгөнцрөөр үүсгэгдсэн менингит. Канадын The Globe and Mail сонинд тагтаанаас үүдэлтэй мөөгөнцрийн менингитээр өвчилсөн 23 настай эмэгтэйн тухай мэдээ гарчээ. Түүний толгой эхлээд хүчтэй өвдөж, удалгүй эмнэлэгт хүргэгдэн, сэхээнд гурав хоносон байна. Тэрбээр сэрэхдээ хараагаа алдсан байжээ. Ричардс нас залуу, хүчтэй тулдаа амьд үлдсэн гэж эмч нар хэлсэн аж.
2. Сальмонелл болон Листериозын төрлийн нянгаар үүсгэгддэг, гол төлөв ходоод, нарийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг цочмог халдварт өвчин. Бид эдгээр халдварыг хүнсний бүтээгдэхүүнээс л авдаг гэж боддог. Үнэн хэрэгтээ тагтаа ч нян тээгч юм. Листериоз нь жирэмсэн эх, хүүхдэд онц аюултай. Тодруулбал, үр зулбахад хүргэж, нярайг менингитээр өвчлүүлэх, дутуу, амьгүй ураг төрөх эрсдэлтэй аж.
3. Вирусийн гаралтай тархи, нуруу нугасны үрэвсэл. Тагтаа бол Баруун Нилийн халуурал, Венесуэлийн адууны энцефаломиелит, Сент-Луис энцефалит зэрэг өвчний гол голомт. Эдгээр өвчин хэсэг зуурын өвчлөлөөс эхлээд мэдрэлийн системийн гажиг үүсгэх, хүүхэд, өндөр настнуудыг үхэлд хүргэх аюултай. Тагтааны тээдэг эдгээр халдвар шумуулаар дамждагийг олон улсын мэргэжилтнүүд хэллээ. Тагтааг хатгасан шумуулаар дамжин хүнд халдварладаг. Дашрамд дурдахад, дэлхий даяар шумуулаас үүдэлтэй өвчнөөр амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.
4. E.Coli гэдэсний халдварт өвчин. Олон хүн шүүрхий махнаас E.Coli халдварт өвчин авахаас эмээж буй. Тэгвэл тэд тагтаатай орчинд байсан бол гараа заавал угаах хэрэгтэй гэв. Тагтаа E. Coli-г хүнд дамжуулдаг идэвхтэй халдвар тээгчдийн нэг. Харин идэвхтэй өвчлөгчид нь хотын оршин суугчид байдаг ажээ.
Тагтаа бидний өнөө маргаашийн амьдралын ноцтой аюул заналхийлэл болсон уу гэвэл үгүй. Гэвч бид тагтааны хор уршгийн талаар төдийлэн мэддэггүй учир тоо толгойг нь улам өсгөсөөр байна. Хуурай, хөрс, агаарын бохирдол ихтэй, салхитай Улаанбаатарт тагтаа олширсоор байвал аюултай. Одоогоор бидэнд тагтаанаас үүдэлтэй өвчинг тогтоох нөөц бололцоо ховор болохоор тайван байгаа байх. Гэвч байгалийн бус аргаар үржиж буй энэхүү чимээгүй аюулаас сэрэмжлэх нь зүйтэй гэж олон улсын мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
uninfo.mn