Дээд шүүх АН-ын даргаар Лу.Гантөмөрийг бүртгэж авсан билээ. Гэхдээ энэ нь С.Эрдэнийн АН-ын эсэргүүцэлтэй тулгарcан бөгөөд С.Эрдэнэ хэзээ ч Л.Гантөмөрийн далбаан дор явахгүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл С.Эрдэнийн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд өнөөдөр Л.Гантөмөрийг бүртгэсэн Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд “АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн УДШ-ийн 2023 оны 2 сарын 9 өдрийн 10 тоот тогтоол нь илтэд хууль бус шийдвэр байгаа учраас энэ шийдвэрийг хүчингүй болгохоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд бид нэхэмжлэл гаргалаа. Дээд шүүхийн шийдвэр нь Улс төрийн намын тухай хууль, Улсын дээд шүүхийн улс төрийн намыг бүртгэх журам, АН-ын 2022 оны 3 сарын 31-нд бүртгүүлсэн Үндсэн дүрмийн маш олон зүйл, заалтуудыг ноцтой зөрчсөн тул энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн Улсын дээд шүүхийн энэ хууль бус шийдвэрт шүүгч нарын ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж байгаа учраас бид цаашдаа АТГ болон Шүүгчийн ёс зүйн хороонд асуудлыг тавих болно. Бас хууль бус шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасантай холбогдуулан энэ хууль бус шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх хүсэлтийг мөн гаргаж байна. Бид Л.Гантөмөр гэдэг хувь хүн талаас нь энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа юм биш. Дээд шүүх илтэд хууль бус шийдвэр гаргасанд л нэхэмжлэл гаргаж байна. Ер нь АН-ын дарга байна уу, гишүүн байна уу хэн ч байсан хууль, дүрмийн хүрээнд хамтран ажиллахад бид бол нээлттэй байгаа. Шат, шатны уулзалтууддаа бид үүнийгээ илэрхийлж байсан. Бидний ганц хүсэж байгаа зүйл бол Монголд ардчилал байхын тулд, хуультай улс юм бол хууль, дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулья л гэдэг ганцхан зарчим барьж байгаа. Энэ бол хэн нэгэн хүн, байр савны асуудал биш. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд Ардчиллын төлөөх намууд нэгдэж ч байсан, салж ч байсан. Гэхдээ түүхэндээ хэзээ ч МАН-аар асуудлаа шийдүүлж байсан цаг үе бидэнд байгаагүй. АН-ыг өнөөдөр ийм байдалд хүргэж байгаа гол хүчин бол сөрөг хүчингүй байх гэсэн МАН-ын явуулга. МАН-ын явуулгыг төрийн байгууллага буюу Улсын дээд шүүх хэрэгжүүлж байгаа учраас бид нар энэ асуудлыг хөндөж байна. Улсын дээд шүүх өөрийнхөө батласан АН-ын дүрмийн хэрэгжилтийг хангаач ээ л гэж хүсэж байна” гэлээ.
Д.Дорж
1 сэтгэгдэл
fgb