Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын депутат Николай Будуев “Туркийн газар хөдлөлтөөр барилгууд агшин зуур нурж байсан нь дэлхийн бүх улс оронд сургамж болох ёстой. Манай Буриадын барилгачдад ч хатуу анхааруулга болох ёстой. Барилгыг хүлээн авах шаардлага, норм, дүрэм журмыг хэн нэг нь зүгээр зохиогоод бичдэггүй. Шинжлэх ухааны үндэстэй, эрдэмтэд гаргадаг гэдгийг санаарай. Арматур, бетоны чанар гээд бүх юм өөрийн нормтой. Барилгаа хурдан өгөх гэсэн барилгын компаниудын шуналаас болоод хэдэн мянган хүн амиа алддаггийг Туркэд болсон гамшиг тодорхой харууллаа” хэмээн ярьжээ.
Манай Монголын хувьд чанар стандартын шаардлага хангасан хотхон, хороолол хэр олон байгаа вэ? Наад зах нь барилга хоорондын зай хэмээх хамгийн чухал стандарт шаардлагыг хангаагүй орон сууцны хорооллууд цөөнгүй баригдсан нь нууц биш! Машин байтугай хүмүүс чөлөөтэй зөрөхөд хэцүү бетонон ширэнгэ хаа сайгүй байна. Ядаж байхад ихэвчлэн 16 давхар, түүнээс ч дээш шүү! Газрын зөвшөөрөл өгдөг эрх бүхий төрийн байгууллага, эрх мэдэлтнүүд, тэрхүү байр байшинг хүлээж авдаг улсын комиссынхны шийдвэрийг эргэн харж, дүгнэлт хийе. Тухайн барилга баригдаж байх үед хяналт шалгалт хийдэг тогтолцоо байна уу?! Миний бие “Гэр хорооллоо барилгажуулахын оронд хотын төвд, орон сууцны хорооллуудын зай завсар бүрт болсон болоогүй, чанартай чанаргүй барилга барих зөвшөөрлийг баруун солгойгүй олгож ирсэн, олгож байгаагаас болж Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж алдагдлаа!” гэж өмнө нь бичиж байснаа дахин давтая.
Д.Лхагва