Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор зорин ажиллана.
Авлигатай тэмцэх таван ажиллагаа:
Нэг. Шүгэл ажиллагаа
● Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар батлуулах;
● Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах;
● Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах.
Хоёр. Шүүр ажиллагаа
● Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
● Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх;
● Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах;
● Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт, шуурхай шалган шийдвэрлүүлэх
Гурав. Шувуу ажиллагаа
● Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх;
● Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
● Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах.
Дөрөв. Шилжүүлэн авах ажиллагаа
● Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах;
● Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх.
Тав. Шил ажиллагаа
● Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох;
● Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах;
● Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх;
● Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжинэ.
Энэхүү таван “Ш” ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж үзэж байна.
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг
шалгарууллаа
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олон шалгарлаа. Энэ жил 21 аймгийн 170 сумын 195 багаас улсын аварга малчинд 208, Улсын хошой аварга малчинд 20, улсын аварга саальчинд 10, улсын аварга фермерт 12 нийт 250 хүнийг тодорхойлон ирүүлсэн. улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер шалгаруулах журмын 34 шалгуур үзүүлэлтийн дагуу орон нутгаас ирүүлсэн малчдыг шалгаруулж, тус журмын шаардлагыг хангаж хамгийн өндөр оноо авсан 10 малчныг улсын хошой аварга, 140 малчныг улсын аварга малчин, зургаан саальчныг улсын аварга саальчин, есөн фермерийг улсын аварга фермерээр шалгарууллаа.
Мөн 2022 онд тариалангийн салбарт гаргасан ажлын амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ажлын амжилтаараа тэргүүлсэн 12 аймгийн нийт 14 аж ахуйн нэгж, 32 иргэний тодорхойлолт, ажлын амжилтын үзүүлэлтийн талаарх материалыг хүлээн авч журмын дагуу шалгаруулж, шаардлага хангасан 12 шилдэг аж ахуйн нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор, 21 иргэнийг улсын аварга тариаланчаар шалгарууллаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлнэ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхтэй холбогдуулан ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-д даалгалаа.
2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна.
Энэхүү зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр 500.0 (таван зуу) хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.
Ноолуур экспортлогч компаниудын гүйцэтгэлийн болон гадаад худалдааны төлбөр тооцооны эрсдэлийг бууруулах, барьцаа хөрөнгийн хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор экспортын гэрээ болон агуулах дахь түүхий эдийн үлдэгдлийг барьцаалж экспортын зээл авах, экспортын даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг туршин нэвтрүүлэх, мөн үйлдвэрлэгчдэд олгох зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 13.0 нэгж хүртэл хувийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх зэргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд нар даалгалаа.
Товч мэдээ
· Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмыг баталлаа. Тус журам нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, засаглалыг сайжруулан бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм.
· Тариалангийн бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын тогтоол нэмэлт оруулж, Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг, Зүүнтуруун баг, Давст сумын Хандгайт, Торхилог баг, Зүүнхангай сумын Даланбулаг, Жаргалант баг, Малчин сумын Баянмандал, Баянхайрхан баг, Өндөрхангай сумын Цалуу баг, Сагил сумын нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугаар баг, Тариалан сумын Хөхөө, Хархираа, Тарвагатай, Бургастай баг, Түргэн сумын нэг, хоёрдугаар баг, Тэс сумын Нурагт баг, Хяргас сумын Хангай багийг нэмлээ.
· Боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг 2023 оны нэгдүгээр сараас 2024 оныг дуусталх хугацаанд экспортод гаргана.