80 шахаж байгаа багш минь “Таван шар”-д явж /эмнэлэг хайж/ байгаад золбин нохдод бариулж, гурван удаа хагалгаанд орлоо. 10 гаруй оёдол тавиулахаас гадна түнхээ хадуулж, гараа гипсдүүлэв. Өндөр настай хүн маш хүнд хэцүү өвдөлт, амаргүй эмчилгээг даван туулж байна. Ер нь настай хүн битгий хэл залуу хүн ч нохдын дайралтад өртөж амь насаа алдсан тохиолдол бий.
Өнөөдөр захын хорооллуудаар байтугай хотын төвөөр сүрэглэн давхих нохдоос их юм алга. Ганцаараа явж байгаа бага насны хүүхэд рүү ноцвол юу болох вэ?! Xөл гар муутай ахмад настнууд олон нохдын дайралтад өртөв ямар гай учрах вэ?! Эрүүл саруул, идэр чийрэг хүмүүс ч эрүүл мэнд, гоо сайхан, цаашилбал амь насаараа хохирохгүй гэх баталгаа байхгүй.
Амралтын өдрүүдэд ууланд зугаалах иргэд олон. Гэтэл уул хад хавиар зэрлэг ноход сүрэглэх болсныг цөөнгүй эх сурвалж хэлж байна. Улайран дайрах галзуу нохойноос эсэн мэнд мултарна гэдэг маш хэцүү. Золбин ноход устгалын ажилд хотын захиргаа, захирагчийн ажлын алба цаг алдалгүй анхаарахгүй бол ниргэсэн хойно нь хашгирах вий!
Д.Лхагва