Хөвсгөл аймгийн Тариалан сумын Улсын тэргүүний ахмадын хорооны тэргүүлэгч Б.Жамбалтай дараах яриаг өрнүүлэв.
-Сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан, та бүхэн сайхан өвөлжиж байна уу?
-Нутаг оронд өвөлжөө ямар байна вэ?
-Цас ихтэй, хүйтэн байгаагаас малчдын хувьд хүндрэлтэй байх шиг байна. Манай аймаг бол газар тариалан, мал аж ахуй зонхилсон сум. Газар тариалан нь аймгаа тэжээдэг. Өөрөөр хэлбэл, аймгийнхаа 24 сумыг гурил, тэжээлээр хангадаг ганц сум шүү дээ. Гэхдээ өнгөрсөн намар бороо их орсноос үр тарианы болц гүйцэд боловсорч чадаагүй. Тэжээл л зонхилсон. Харин самар их ургасан.
-Самар гэснээс самарчдын хөлд танай сум дарагдсан уу?
-Өө, газар газраас самарчид ирж ёстой самарч хаясан даа. Байгаль дэлхийг огтхон ч хайрладаггүй цэвдэг сэтгэлтэй хүмүүс юм билээ. Модыг хайр найргүй балбаж, ахиж ургахын аргагүй болгохоос гадна хогийн цэг үүсгэж хаяад алга болцгоодог. Экологийн цагдаагийн алба нь ажлаа хиймээр байна.
-Тариалан сумын ахмадуудын амьдрал ахуй ямар байна вэ?
-Манай ахмадуудын амьдрал эрээнтэй бараантай л байна даа. Нийт 800 шахам ахмадтай. Аймагтаа хамгийн олон ахмад настантай сум.
-Ахмадын өргөө байгаа биз дээ?
-Нэг жижигхэн байшин бий. Манайхаас бусад бүх сум хоёр давхар ахмадын ордонтой. Бид УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд Ахмадын ордонтой болгож өгөөч гэдэг хүсэлт тавина даа. Ахмадууд маань өглөө босч гэрийнхээ ажлыг амжуулчихаад ахмадын хорооныхоо байшинд ирж фитнессээр хичээллэж, даалуу, теннис, дартс тоглож, мэдээлэл солилцож өдрийг зугаатай, үр дүнтэй өнгөрөөрдөг. Түүнээс гадна манай аймгийн ахмадын хороог 4 бүсэд хувааж хамтран ажиллах гэрээ байгуулж, үүнийхээ хүрээнд бусад сумдаар явж зочилж туршлага судалдаг талаар энд дурдсан нь зөв.
-Тариалан сумын тухайд Ахмад настны тухай хууль хэр зэрэг хэрэгжиж байна вэ?
-Ахмадын хууль тааруу хэрэгждэг. Харин аймгийн ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар хуулийг хэрэгжүүлэх тал дээр маш идэвхтэй ажиллаж, их зүтгэдэг. Түүнээс гадна манай Тариалан сумын ахмадын хорооны даргаар Г.Оюунбилэг гэдэг мундаг эмэгтэй ажилладаг. Манай ахмадын хороо 9 тэргүүлэгчтэй. Тэргүүлэгчдийг зөв сонгохоор ажил явдаг юм байна. Дарга маань өөрөө газар тариалан эрхэлдэг. Ахмадын хорооны байрны паар хөлдлөө гэхэд өөрөөсөө мөнгө гаргана. Гаднаас зочид ирэхэд хоол, байрыг нь даана. Түүнээс гадна бензин тос, бензин, тос, бэлэг сэлт гээд хувиасаа их мөнгө зарцуулдаг. Ер нь ахмадуудаа гэсэн сэтгэлтэй хүн дээ.
-Энэ өвөл цас ихтэй, хүйтэн байгаагаас зарим нутагт мал олноор хорогдож байгаа мэдээлэл байна. Ахмад хүний хувьд та дотроо ямар бодолтой явдаг вэ?
-Тиймээ, өнгөрөгч зун зарим нутагт бороо ороогүйгээс өвс ногоо муу ургасан. Үүнээс болоод малын тэжээл бэлтгэж чадаагүй малчид олон байгаа юм билээ. Би хувьдаа малчид ногоон тэжээлийг өвөлжөөндөө цацаж, тарьдаг болох хэрэгтэй гэж боддог. Ийм туршлагыг хэрэгжүүлдэг малчид олон байна шүү дээ. Байгалийн хур бороо харж, өвс ногоо ургахыг хүлээж цаг алдсанаас мал тэжээлгүйтэж хоргодоод байна. Энэ дашрамд хэлэхэд манай суманд гэлтгүй өөр олон аймаг, суманд газар тариалангийн компаниуд бэлчээрийн газрыг тэр чигээр нь тариалангийн газар болгочихоод хашаа татчихдаг. Бэлчээргүй болсон малчид тариаланчидтай бөөн хэрүүл маргаан үүсгэдэг. Бараг л буудалцах нь холгүй байна. Үүнийг л зохицуулах хэрэгтэй.
Д.Дорж