Хэдийгээр сурагчдын амралт эхэлсэн ч томуугийн өвчлөл буурахгүй байна. Ханиад нь хүндэрч хатгаа болох тохиолдол ихэсч байгаа нь эцэг, эхчүүдийн хамгийн их сандаргаж байгаа аж. Хамгийн харамсалтай нь чухал шаардлагатай антибиотикуудын олдоц эрс муудаж, зарим нь олон сараар тасарсан нь өвчлөл, эндэгдлийг нэмэгдүүлэх эрсдэл болжээ. Энэ бол маш том айдас, бодит түгшүүр.
Оны өмнө нүүрсний хэрэг тойрсон улстөрийн хэрүүл маргаанд улс орон бүхэлдээ автаж, бүтэн сар шахам жагсаал цуглаан, өлсгөлөн суултын хөлд дарагдлаа.
“Их улстөржилтийн сүүдэрт нийгмийн амин чухал асуудлууд дарагддчих вий. Өвөл дөнгөж эхэлж байна. Чухал шаардлагатай эм, тарианы нөөц ямар байна вэ?” гэж миний бие анхааруулан бичиж байсан боловч Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүрээгүй бололтой.
Ядарахад яр гэгчээр шинэ жилийн баяр ханиад томууны дэгдэлтийг гааруулсан нь тодорхой. ЭМЯ-ны хувьд шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байхыг уриалсан боловч нутгийн зөвлөлийн, байгууллагын, төгсөгчдийн, анд найз нарын гэх тодотголтой шинэ жилийн баярууд тасраагүй.
Түүнээс гадна иргэд олон нийтийн газарт явахдаа маск зүүх нь эрс багассан нь омикрон болон томуугийн вирусыг хурдан хугацаанд газар авахуулж орхив. Энэ бол цэвэр иргэдийн ухамсартай холбоотой асуудал! Үр хүүхдүүд, хайртай хүмүүсийнхээ төлөө амны хаалтаа зүүхээс өөр сонголт байхгүй гэдгийг дахин анхааруулая!
Д.Дорж