2023 оны босгон дээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандаж үг хэллээ. Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ “Өнгөрсөн жилүүдэд хүний эрх, хувийн өмч, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, олон ургальч үзэл баримтлал, нээлттэй гадаад харилцаа, цахим ертөнц, иргэний нийгэм зэрэг олон чухал үнэт зүйлс Монголын хөрсөнд соёлон ургажээ. Харамсалтай нь эрх мэдэл мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч уул уурхай тойрсон улстөр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүсч урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига хээл хахууль бүх шатанд гүнзгийрсэн нь гашуун үнэн. Тиймээс өнгөрсөн 30 жилийн ололтоо хадгалж, алдаагаа засч, шинэ 30 жилийг зөв эхлүүлж, ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлж, орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар тууштай тэмцсээр байна.
2022 он цар тахлыг даван туулж, эдийн засгийг тогтворжуулахад бүхэлдээ чиглэгдсэн бол 2023 он эдийн засгийн өсөлтийн жил байх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд он солигдох торгон заагт нийт монголчууддаа итгэл төгс мэдэгдэж байна” хэмээн онцлов.