Энэ удаагийн жагсаал цуглаанд хэд хэдэн эрх ашиг мөргөлдөж, олон “өнгө” харшиж байгаа нь ил байна.
Нэгдүгээрт, асуудлын нарийн учрыг сайн олоогүй, ойлгоогүй хүмүүс байна. Тэд “Яг хэний үед, хэчнээн тонн нүүрс алдагдсан, хэн хэн буруутай вэ?” гэж бодохоосоо өмнө ерөөсөө л эрх мэдэлтнүүдийг авлигач гэдэг нүдээр бүхэлд нь харж, УИХ, Засгийн газрыг тараахыг илүүд үзэж байгаа. Ийм хүмүүсийн хувьд нөхцөл байдлыг ялгаж салгаж, эргэцүүлж бодолгүйгээр төр засгийн эрх мэдлийг өөр улстөрийн хүчний гарт өгчихвөл бүх зүйл болж бүтэх юм шиг сэтгэх юм. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө улс төрийн үзэл бодол, бас сэтгэлийн хөөрөлд автах тал нь давамгайлж байна. УИХ тарж, Засгийн газар огцорвол санаа нь амрах бөгөөд цаад үр дүнг нь нэг их сайн тооцож харахгүй байх шиг. Tэдний хувьд нэр дурдагдсан хүмүүсийг шууд л хулгайч гэж дүгнэн, дариухан цээрлүүлэхийг яарна.
Эдгээр хүмүүс нөхцөл байдлыг илэрхийлсэн мэдээллийг сонсох дургүй, бүр хүлээж авахгүйгээс гадна амьдрал доройтож байгаа шалтгааныг зөвхөн эрх баригч МАН-тай холбон ойлгож байгаа. Ийм хандлага цаашид уур амьсгалыг зөөлрүүлэхэд төвөг учруулах биз ээ.
Хоёрдугаарт, үнэхээр сэтгэлийнхээ дуудлагаар, улс орон, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовсондоо өөрийн эрхгүй Сүхбаатарын талбай руу алхах хүмүүс ч байгаа нь мэдээж. Тэд яг хэдээс хэдэн оны хооронд, хэний үед, хэн гэдэг эрх мэдэлтний буруутай үйлдлээс, ямар мафийн ажиллагааны үр дагаварт хэчнээн хэмжээний, хэдий хэрийн мөнгөтэй тэнцэх баялаг алдагдсаныг бодитоор нь тогтоох юмсан гэсэн чин хүсэлтэй байна. Ямар ч байсан тэд асуудалд илүү хянуур хандана гэдэгт найдахаас өөр аргагүй. УИХ, Засгийн газрыг зайлуулая, хөөж тараая гэж ярихыг яарахгүй байгаа нь нэг учиртай л даа.
Гуравдугаарт, нүүрсний гэх хэргийн цаад эзэд амь тэмцэхдээ жагсаал цуглааны агуулгыг өөрчилж, утгыг нь алдагдуулах замаар УИХ, Засгийн газрыг тарааж, огцруулах шууд хүсэл, зорилго дор нэгдэж, үүнд хуучин МАНАН бүлэглэлийн зарим нөхөд хүч хавсарч байгаа талаар Ерөнхий сайд мэдэгдсэн. Оюун-Эрдэнэ эрхбиш барин тавин худлаа мэдээлэлд тулгуурлаж мэдэгдэл хийхгүй байх. Яагаад гэвэл тэр Засгийн газрын тэргүүн шүү дээ.
Түүнээс гадна эсэргүүцлийн жагсаал цуглааныг далимдуулж үймээн самуун дэгдээх, улмаар Монголыг өнгөт хувьсгалын гал руу түлхэх гадныхны эрх ашиг ч харагдаад эхэлсэн талаар хариуцлагатай хүмүүс яриад авна лээ.
Ийм л хэдэн өөр өөр ашиг сонирхолд хуваагдсан, өөр өөр өнцгийг илэрхийлсэн тэмцэл өрнөөд байгаа болохоор нэгдсэн нэг зорилго, зохион байгуулалтын хэлбэрт орж өгөхгүй байна. Үр дагавар нь чухам хаашаа эргэх бол?!
Д.Лхагвадорж