Засгийн газрын хуралдаан дээр Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэх үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын танилцуулгыг сонслоо. Тэрбээр дараа нь мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19-өөс 13 хувь хүртэл бууруулж, өндөр дүнтэй урьдчилгаа төлсөн худалдан авагчтай хэлцэл хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд тогтоол гарснаас хойш нийт 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын үнэлгээтэй 2.3 сая тонн нүүрс борлуулж, 1.5 сая тонн нүүрс экспортолсон байна.
Нийт борлуулалтаас нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний дагуу 51.1 сая ам.доллар, өндөр дүнтэй урьдчилгаа авсан гэрээний дагуу 185.8 сая ам.долларыг нүүрсээр барагдуулж, 143.8 сая ам.долларыг Монголбанканд тушаагаад байна. Ингэснээр санхүүгийн үзүүлэлтийг сайжруулан, 603 сая ам.долларын өр төлбөрийг 418 сая ам.доллар хүртэл бууруулаад байна.
Богинын тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2022 оны аравдугаар сарын эхээр 53.5 мянган тонн хүртэл буураад байсан экспортыг 110.9 мянган тоннд хүргэн хоёр дахин, өдрийн ачилтын хэмжээ 19.8 мянган тонн, 202 тээврийн хэрэгсэл хүртэл буураад байсныг өдөрт дунджаар 75.4 мянган тонн, 721 тээврийн хэрэгсэл хүртэл нэмэгдүүлэн 3.8 дахин өсгөж, нэг өдөрт хамгийн ихдээ 1028 тээврийн хэрэгслээр 100.8 тонн нүүрс ачуулсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ил тод байдлыг хангах, олон нийт хяналт тавих нөхцөл бүрдүүлэх зорилгоор нүүрс борлуулалтын 142 гэрээ, уурхайн ачилтын үзүүлэлт, олборлолтын гэрээнүүдийг нээлттэй болгов.
Нүүрсний борлуулалтыг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар зохион байгуулах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагатай хамтран “Цахим арилжааны журам”-ын төслийг боловсруулж дууслаа.