УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн энэ сарын 19-нд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн билээ. Уг асуудлыг өнөөдөр 14 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх юм.
Сөрөг хүчин АН-ын Улстөрийн зөвлөл чиглэл өгсний дагуу УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан ч Ж.Батзандан, Л.Болд нар нь эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэд “Засгийн газрыг огцруулахаас өмнө 60 тэрбум, УИХ-ын даргын асуудлыг ярих ёстой” хэмээгээд намынхаа шийдвэрийг шуудхан дэмжээгүй. Одоогоор хоёр “эсэргүүний” үзэл бодол өөрчлөгдөөгүй байгаа. Хамгийн гол нь МАН-ын бүлгийн 37 гишүүн Засгаа огцруулахын эсрэг хатуу зогсохоо илэрхийлээд байна.
Гэхдээ У.Хүрэлсүхийг унагаахаар улайрч буй 27 гишүүн өнөөдөр мэдээлэл хийж ЖДҮДС-гаас зээл авсан гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй учир Засгийн газрыг огцруулах тухай санал хураалтад оролцох эрхгүй гээд намынхаа УЗ-д шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Байдал өөр тийшээ эргэж байгааг мэдэрсэндээ барьц алдаж ЖДҮ-ээр бойкот хийх гэж оролдож байгаа нь илэрхий. Харин МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргажээ. Энэ бүхнээс үзвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаад тэсч үлдэх магадлал харагдаад байгаа юм.
А.Бадам