УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд өнөөдрийн хурц сэдэв болох нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ асуудалтай холбоотой байр сууриа илэрхийлэхдээ “Тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулгын шахалтаар нүүрстэй холбоотой асуудлуудыг бүгдийг нь улсын нууцад оруулсан байдаг. Тэр үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон Х.Баттулга нарын хуралдааны үр дүнд улсын нууцад орсон. Эндээс бүх юм эхэлсэн. Гол асуудал нь энэ шүү. Офтек гэрээ гэдэг нь нүүрсээ маш хямдхан үнээр өгсөн гэсэн үг. Бидний тооцоогоор бол ямар ч байсан хоёр их наяд төгрөгний хохирол учирсан байна. “ЭрдэнэсТавантолгой” компаний захирал нь “Надад хамаагүй. Энэ бол нүүрс ачилтын зөрүүнээс гарсан асуудал” гэсэн байсан. Үгүй ээ. Энэ асуудлыг “ЭрдэнэсТавантолгой”-гоос эхлэх ёстой юм. Яагаад “ЭрдэнэсТавантолгой”-гоос санхүүжилт авсан төмөр замын дарга нь АНУ-руу зугтав?
Миний авсан мэдээллээр Солонгост өмнөх Ерөнхийлөгчийг очиж уулзангуут л маргааш нь билет аваад АНУ руу нисчихсэн байгаа юм. Үүнийг бид бодитой гэж харж байна. Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүнийг би хулгай хийх сэтгэхүйтэй хүн гэж бодохгүй байна. Тэгэхээр тэр хүн одоо эр зориг гаргаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд энэ асуудлыг ҮАБЗ дээр яаралтай хэлэлцээд, офтек гэрээнүүдийг ил болгох зөвлөмжийг Засгийн газарт өгөх шаардлагатай байна” гэлээ.