Гадаад нөхцөл байдлаа бодсон ч, эдийн засгийн байгаа байдлыг харсан ч Засгийн газар огцроод хэнд хэрэгтэй юм бэ? Ард түмэнд л лав ашиггүй. Юмны үнэ өсч амьдрал үнэхээр хүндэрч байгаа нь үнэн. Хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ төр засгийн арчаагүйд гэхээсээ гадаад орчин нөхцлөөс олон зүйл шалтгаалаад бна. Урд хил хаалттай, Украин-Оросын дайн гээд дэлхийн олон оронд шатахууны үнэ өсч, бараа бүтээгдэхүүн нь нэмэгдэж байна. АНУ-д л гэхэд шатахууны үнийг өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нь урд өмнө үзэгдэж байгаагүйгээр талийж байгаа гэнэ дээ. Энэ өвөл хэцүүхэн болно гэж Британичууд хүртэл сандралдаж байна. Тэнд хэдэн хөгшчүүд “Өлсөж үхэх үү, хөлдөж үхэх үү!’ гэсэн зурагт хуудас бариад жагсч байгаа харагдсан.
Манай улсын хувьд эрчим хүчний хямралд орох магадлал маш өндөр, цахилгааны шинэ үүсвэрийг шийдэх шаардлага хоолой дээр тээглэсэн яс шиг л тулгамдаж байгаа. Монгол ч ялгаагүй ирэх өвлийг гал алдчихалгүй давах хэрэгтэй байна. Эрчим хүчний сайд Л.Чойжилсүрэн “Эрчим хүчний асуудлыг аргалаад яваад байж үнэхээр болохгүй. Аргалах бүх нөөц одоо шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр” гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдээд хоёр хонож байна. Эрчим хүчний салбар бол энэ улсын зүрх нь. Цахилгаан эрчим хүч доголдвол үйлдвэрлэл, үйлчилгээнээс эхлээд бүх салбарын үйл ажиллагаа зогсоно. Хамгийн аюултай нь эрүүл мэндийн салбар маш хүнд байдалд орно. Тийм учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хийх ажил их байна. Өөр засаг гарч ирлээ гээд хүндрэлтэй асуудлууд өргөс авсан мэт шийдэгдэх үү? Шинэ Ерөнхий сайд шидтэн мэт эдийн засгийн хүндрэлээс хормын дотор гаргаж, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хязгаарлаж, эрчим хүчний хямралыг зогсоож чадах уу? Ерөнхий сайдын хойд хөршид хийсэн айлчлал харин үр дүнтэй болсныг үгүйсгэж болохгүй. Улстөржилтөө хойш нь тавьж иргэн бүр эв эеэ хичээмээр байна шүү, улс орноо, өөрийгөө, гэр бүл, үр хүүхдээ боддог бол! Хүнд үеийг эв нэгдлээр л давна гэдгийг бидний цөөхөн монголчууд ойлгож, ухаарая!
Д.Лхагва