1990-ээд оны эхэн үеийг “шилжилтийн” гэж улстөрчид томьёолдог. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Баабар АН-ын нэр дэвшигч П.Очирбатыг дэмжиж “Шилжилтийг цэглэнэ гэв үү?” гэсэн ухуулга сурталчилгааны нийтлэл бичиж байсан. Бодвол 1997 он хүртэлх долоо найман жилийн хугацаанд өнөөх шилжилт үргэлжилж байсан юм байлгүй.
Миний бодоход тогтолцооны шилжилт одоо болтол дуусаагүй л байна. Ялангуяа боловсролын салбар энэ шилжих “тектоник” хөдөлгөөнд хамгийн их нэрвэгдсэн нь гарцаагүй үнэн. Уг нь аливаа улсын хөгжил боловсролын түвшингээс хамаардаг биз дээ? Нийгмийн хөгжил нь эрдэм мэдлэгтэй хүмүүсийн оюуны их үр шим. Дэлхийн хоёрдугаар дайны дараа, ялагдал хүлээлсэн Япон улс боловсролдоо хамгийн гол бодлогоо чиглүүлсний үр дүр нь өнөөдрийн асар өндөр хөгжлөөс нь харагдаж байна.
Манай улсын хувьд гэвэл сүүлийн 30 гаруй жилд нэг бол Америк, Английн, эс бөгөөд Японы загварыг Монголын боловсролын хөрсөнд нутагшуулах гэж оролдсон. Ямар ч нэгдсэн бодлого, хөтөлбөр боловсролын салбарт гаралгүй өдий хүрлээ. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, баримт бичиг гэж байна уу? Энэ амин чухал салбар популист улстөрчдийн гарт үрэгдэж л ирсэн нь харин үнэн.
Энх-Амгалан сайдад хэлэхэд өөрчлөлт хийх гэж байгаа бол бага ярьж, бодитой өөрчлөлт хий. Хувийн сургуулиудыг хааж, багш нарын дипломтой ноцолдох чинь буруу биш л дээ. Гол нь агуулгын өөрчлөлт чухал байна. Яг нарийндаа амьдарч чадаж л байвал хувийн сургуулиудыг нүд үзүүрлэх хэрэг байна уу? Өсвөр залуусын дээд боловсрол эзэмших хүсэл зоригийг хүчээр унтраах нь зөв үү? Ардчилсан нийгэмд улсын статустай их дээд сургууль ноёлох ёстой юу? (Аа тийм, Казахстанд улсын хоёр сургууль нь төлбөргүй байдаг гэлүү?)
Суурь болоод дээд боловсролын нэгдсэн хөдлөшгүй стандарт хөтөлбөр таны үед бий болж чадав уу? Багш нарын арга барил нэг хөтөлбөр зорилгод багтаж байна уу? Алийн болгон Монголын ирээдүй хохирох юм бэ? Ерөнхий боловсролын тухайд алийн болгон хувийнх чанартай, улсынх муу гэгдэх юм бэ? Их, дээд сургуулиудын түвшинд улсынх дээр, хувийнх хэрэггүй гэж хэдий болтол зааглагдах вэ? Энэ чинь өрсөлдөөнт зах зээлийн нийгэм мөн үү, биш үү?
Эцэст нь хэлэхэд, эрхэм Боловсрол, шинжлэх ухааны сайд та дээд боловсролыг битгий ад үзээрэй. Хүн төрөлхтний хөгжлийн түүх оюун ухаан, боловсролоос илүү хамааралтай билээ. Өндөр боловсролыг шүтсэн улс гүрэн ямар оргилд хүрсэнийг өөрөө харж байгаа биз дээ? Буянгийн Жагаа та хоёрын философиор бол хэзээ нэгэн цагт “пролетарийн бослого” гарах байх даа…Технологигүй хөгжил байхгүй. Тэр технологийн мэдлэгийг дээд боловсролоор эзэмшдэг биз дээ?
Д.Лхагвадорж