Төрийн ордонд болсон Улсын онцгой комиссын V өргөтгөсөн хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийхдээ “2022 оны эцэс, 2023 оны эхний улиралд цар тахлын шинэ давалгаа үүсэх, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх эрсдэл байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд коронавируст халдварын нийт 1,855 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Улсын хэмжээнд коронавирусын халдвараар хэвтэн эмчлүүлж буй 637 өвчтөний 453 нийслэлд, 184 нь орон нутагт байна. 2022 оны 47 дугаар долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт нийслэлд 885, орон нутагт 970 тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжилийн өндөр түвшинд байна. Тус өвчнийг улирал хооронд, идэвхжилийн түвшин, алаг цоог, аймгийн түвшин, цар тахлын түвшин гэж таван үе шатад ангилдаг. Идэвхжилтийн түвшинд 15 аймаг, улирал хоорондын түвшинд хоёр аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд дөрвөн аймаг тус тус байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Дархан-Уул аймаг идэвхжилийн түвшнээс улирал хоорондын түвшин, Хэнтий аймаг алаг цоог түвшнээс идэвхжилтийн түвшинрүү буурсан бол Дорнод аймаг идэвхжилийн түвшнээс алаг цоог түвшин рүү тус тус шилжсэн байна.
Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үе 12-1 дүгээр сар байдаг учир бид БШУЯ-тай хамтран сургуулийн хүүхдийн амралтыг 12 дугаар сарын 16-аас 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр хүртэл байхаар тохирсон” гэлээ. Тэрбээр мөн ковид болон томуугийн дэгдэлт их байх учир шинэ жилийн баяр болон бусад тэмдэглэлт баярыг тэмдэглэхгүй байхыг албан байгууллага, ард иргэдэд уриалсан юм.