БАНГКОК. /TASS/.Аsian Pacific Еconomic Cooperation /APEC/ буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт Тайландын нийслэл Бангкок хотноо өнөөдөр эхэлж байна.
APEC-ийн өндөр албан тушаалтнууд, сайд нарын түвшний уулзалт, чуулганы нэгдсэн хуралдаан, үзэсгэлэн болон чуулга уулзалттай холбоотой бусад үйл ажиллагаа 11 дүгээр сарын 14-нөөс 19-ний өдрүүдэд хатан хаан Сирикитийн нэрэмжит Үндэсний хурлын төвд болно. Чуулган бүс нутгийн 21 эдийн засгийн удирдагчдын уулзалт болсноор өндөрлөх бөгөөд энэхүү уулзалт 11 дүгээр сарын 18-19-нд болох юм.
Цуврал үйл ажиллагааны нээлтийн ёслолыг Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча даргална. Тайландын эрх баригчид ковидын дараах тогтвортой хөгжлийн үндэсний стратеги болгон боловсруулж баталсан ногоон эдийн засгийн загварыг танилцуулахаар төлөвлөж байна.
Чуулганд оролцогчид
Энэ удаагийн чуулга уулзалтад Австрали, Вьетнам, Бруней, Индонез, Канад, Хятад, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Сингапур, Филиппин, Чили болон Японы удирдагчид, мөн Хонконгийн засаг захиргааны тэргүүн биечлэн оролцоно гэдгээ мэдэгджээ. Харин Малайз, Мексик, Перу, ОХУ, АНУ, Тайвань болон БНСУ-аас арай доод түвшний төлөөлөгчид оролцох юм. Тухайлбал, ОХУ-ыг тэргүүн шадар сайд Андрей Белоусов, АНУ-ыг дэд Ерөнхийлөгч Камала Харрис төлөөлнө.
Тайландын Ерөнхий сайдын урилгаар Камбожийн Ерөнхий сайд Хун Сен, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Саудын Арабын Ерөнхий сайд бөгөөд угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Сальман Аль Сауд гэсэн тус чуулганы гишүүн бус гурван орны төлөөлөгч хүрэлцэн ирнэ.
Хятад, Саудын Араб, Вьетнамын удирдагчид чуулганд оролцохоос гадна Тайландын Ерөнхий сайдтай уулзаж, хоёр талын хэлэлцээ хийх юм.
Чуулга уулзалтын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Чуулга уулзалтын аюулгүй байдлыг хангах үүднээс 11 дүгээр сарын 13-наас 21-ний хооронд Бангкок дахь Ялалтын хөшөөний эргэн тойронд 19 км-ийн радиуст дрон нисгэхийг хоригложээ. Хоригийг зөрчсөн хүмүүс 40 мянга хүртэлх батаар (1.08 мянган ам.доллар) торгуулах эсвэл нэг жил хорих ялаар шийтгүүлж магадгүй байна. Үүний зэрэгцээ чуулга уулзалтын өмнө 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 8-ны хооронд явуулсан ажиллагаагаар янз бүрийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй 62.7 мянга гаруй хүнийг саатуулсан талаар цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Түүнчлэн нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Бангкок болон хөрш зэргэлдээх Нонтабури, Самут Пракан гэсэн хоёр мужид 11 дүгээр сарын 16-18-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан байна. Үүнтэй холбоотойгоор нийслэл хотын Суваннапхум (Суварнабхуми) нисэх онгоцны буудлын захиргаа 11 дүгээр сарын 15-наас 21-ний хооронд автомашины зогсоолыг үнэ төлбөргүй болгожээ. Мөн чуулга уулзалт болох Үндэсний хурлын төв байрладаг дүүргийн метроны буудлыг 11 дүгээр сарын 16-19-ний хооронд хаах аж. Хурлын төв байрладаг дүүрэг рүү очих шаардлагатай хүмүүс хөрш зэргэлдээх метроны буудлуудаас үнэ төлбөргүй шилжин зорчих боломжтой байна.
Үүнээс гадна, 11 дүгээр сарын 14-19-ний хооронд хурлын төвийн нутаг дэвсгэр, түүнчлэн APEC-ийн оролцогчдыг байрлуулах 19 зочид буудлын ойролцоо эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон зарлиг “Хатан хааны сонин”-д нийтлэгдсэн байна. Чуулга уулзалтын үеэр 30 мянга орчим цагдаа, цэрэг аюулгүй байдлыг хангана.
APEC-ийн тухай
APEC-ийг Австрали, Бруней, Индонез, Канад, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, АНУ, Тайланд, Филиппин, Өмнөд Солонгос, Япон гэсэн 12 улс үүсгэн байгуулжээ. Хятад улс болон Хонконг, Тайвань 1991 онд, Мексик, Папуа -Шинэ Гвиней 1993 онд, Чили 1994 онд, ОХУ, Вьетнам, Перу улсууд 1998 онд элссэн байна. APEC-ийн гол зорилго нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг бэхжүүлэх явдал юм. Энэхүү чуулганы гишүүн оронд дэлхийн хүн амын 40 орчим хувь нь амьдарч, дэлхийн ДНБ-ий 54 хувь нь, дэлхийн худалдааны 44 хувь нь ногдож байна.
Тайланд улс тус байгууллагыг даргалах эрхийг Шинэ Зеландаас хүлээн авч байгаа бөгөөд АНУ-д шилжүүлэн өгөх юм байна гэж МОНЦАМЭ уламжиллаа.