2022 оны 11 дүгээр сарын 03-нд “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө-Олон улсын хэм хэмжээ, Монголын нөхцөл байдал” сэдэвт сургалт Монголын хэвлэлийн хүрээлэнд болсон юм.
Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нөхцөл байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах, харилцан санал бодлоо солилцох зорилготой уг сургалтын талаар цуврал сурвалжлага, ярилцлагыг уншигчиддаа хүргэж байгаа бөгөөд энэ удаад төслийн багийн гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцсанаа нийтлэв.
-“Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө-Олон улсын хэм хэмжээ, Монголын нөхцөл байдал” сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө. Та бүхэн Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нөхцөл байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг танилцууллаа. Сургалтад хамрагдсан сэтгүүлчид ч өөр өөрсдийн байр сууриа илэлрхийлж, асуудлыг бодитой өнцөгөөс харж чадлаа гэж миний бие бодож байна.
-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах Монгол Улсын хууль тогтоомжийг Олон улсын хэм хэмжээ, шилдэг туршлагатай харьцуулан судалсан. Үүний үндсэн дээр дараах зүйлсийг хуульчид санал болгож байна. Үүнд:
-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19.3-т үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг бусдын нэр төр, алдар хүнд, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн эрүүл мэнд, ёс журмыг хамгаалах зорилгоор хязгаарлаж болох тухай заасан. Ингэхдээ тухайн хязгаарлалтыг зорилго, зориулалтыг нарийвчлан тайлбарлах нь хуулийн хэрэгжилтийг гуйвуулахгүй байхад чухал үүрэгтэй. Монгол Улсын хууль тогтоомжид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан хэд хэдэн зохицуулалт бий. Гэвч тэдгээр хязгаарлалтыг зорилго, зориулалттай нь уялдуулж томьёолоогүй байгаа нь зарим тохиолдолд хуулийг хэтрүүлэн хэрэглэх үүд хаалгыг нээж байна.
-Хэвлэл мэдээллийн салбарт төрийн болон хувийн хэвшлийн аливаа ноёрхол үүсэхээс сэргийлж, олон ургалч байдлыг хуулиар хамгаалах нь мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахад зайлшгүй чухал. Монгол улсын хууль тогтоомжид зөвхөн өргөн нэвтрүүлгийн салбарт хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх зохицуулалт үйлчилж буй бөгөөд сонин, радио, онлайн мэдээллийн салбарт олон ургалч байдлыг хамгаалах эрх зүйн тогтолцоо үгүйлэгдэж байна.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүх төрлийн хэрэг дээр хүний биед үзлэг хийх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоох, хяналт тогтоох, нууц ажиглалт явуулахаар заасан нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахад тавигдах олон улсын эрх зүйн шаардлагад (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйл, НҮБ-ын Хүний эрхийн хорооны 1988 оны 32 дугаар хуралдаанаар баталсан Ерөнхий зөвлөмж) нийцэхгүй байгаа тул тодорхой төрлийн буюу зөвхөн хүнд гэмт хэргээр хязгаарлаж хүний биед үзлэг хийж болох, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоох, хяналт тогтоох, нууц ажиглалт явуулах талаар нарийвчлан зааглах.
–Гүтгэн доромжлох нь яаж ч бодсон хүний эрхэнд халдсан үйлдэл. Үүнийгээ тухайн хүн үг хэлэх эрхээ эдэлж байна гэж тайлбарладаг. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэж яг юуг ойлговол зөв бол?
-Гүтгэх, доромжлох бол хүний эрх биш. Гэхдээ энэ асуудлыг Эрүүгийн хуулиар биш зөвхөн Иргэний хуулиар шийдэх ёстой.
-Манай улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх ямар түвшинд хангагдаж байна гэж боддог вэ?
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзүүлэлтээр асуудалтай байсан бол одоо хүнд нөхцөл байдалтай болоход ойрхон байна. Сэтгүүлчдийн эх сурвалжаа нууцлах онцгой эрхийг хуулиар баталгаажуулаагүй нь нэг шалтгаан юм.
-“Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” асуудлын хүрээнд Олон улсын хууль эрх зүйн стандарт, шилдэг туршлагын талаар гарын авлага гаргасан. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн шилдэг туршлага, стандарт багтсан бөгөөд энэхүү сургалтаар үүнийг танилцууллаа. Төслийн баг энэхүү стандартаар Монгол Улс дахь нөхцөл байдлын үнэлгээг хийж байна. Энэхүү төслийн нийгмийн ач холбогдлыг хэрхэн дүгнэж хэлэх вэ?
-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг Олон улсын стандартад нийцүүлэн баталгаажуулах арга замыг хуульч, сэтгүүлчдэд таниулахаас гадна хууль тогтоогчдын заавал хийх ёстой ажлыг тодорхойлж байгаа.
Д.Лхагвадорж