Алс баруун хязгаар, Ховд аймгийн ахмад настнууд УИХ-ын дарга Г.Занданшатарт ил захидал илгээжээ. Уг ил захидлыг бүрэн эхээр нь хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАНАА
Ховд нутгийн 16 600 гаруй ахмад настнуудын нэрийн өмнөөс илгээх захидал
УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэхийг олон хоног үзэж сонслоо. Бид ахмадуудын тэтгэврийг нэмэхгүй гэсэн яриа хандлагыг сонсож сэтгэл санаагаар доройтож, улс орныхоо удирдлага, засаг төрдөө гомдох байдал бид бүхнийг эзэмдэх боллоо.
Энэ талаар Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдах хүмүүст тодорхой ярьж тэмдэглэсэн зүйл одоогоор алга байх шиг.
Ер нь ахмадууд бид эх орныхоо бүтээн байгуулалт, түүний дотор социализмыг байгуулах далбаан дор тухайн үеийн нам, төрөөс явуулж байсан бодлого, программын зорилтыг биелүүлэхэд өчүүхэн биеэ хайрлахгүй зүтгэж явснаа эргэж бодохоор өнөөгийн төр засгийг удирдаж яваа эрхэм нөхдөд амьдралын бэрхшээл, зовлонгоо танилцуулахад юуны буруу байх билээ гэж зориг шулуудсан юм. Ер нь өнгөрсөн үеэ санагалзаж ганцхан асуудлыг зориуд цухас тэмдэглэхийг хүсэж байна.
Бид бүхэн социализмын материал техникийн баазыг барьж байгуулах социализм байгуулах шинэ хүнийг хүмүүжүүлж төлөвшүүлэх, нийгмийн харилцааг боловсронгуй болгох гэсэн гурван том зангилаа зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Монголын сэхээтэн, ажилчин, малчин бүр хүч чармайлтаа дайчлан, зохион байгуулалттай ажиллаж ирсэн нь үнэн.
2023 оны төсвийн төсөлд Монголын бүхий л байгууллага, салбар, газар бүхнийг төсвийн тухайд нь анхаарсан атлаа ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг тас орхиж байгааг юу гэж ойлгох вэ?
Манай төр засгийн түшээд одоо тэр ахмадууд хийж бүтээх биш, тэднийг чимээгүй орхиод төрийн албан хаагчдаа мэргэжлийн залуучуудаа анхаарая гэсэн санаагаар асуудалд ханджээ гэвэл та нар юу гэхэв. Ер нь ахмадууд яагаад үлдэв.
Та нөхдийн өнөө манай ахмадууд юмны учрыг зөв олдог, гүндүүгүй сайхан зан чанартай, сонгуульдаа идэвхитэй оролцдог гээд магтаад байсан нь худал байсан хэрэг үү. Ахмадууд өнөөдөр хичнээн ядарч тэтгэвэр нь хүрэлцэхгүй юмны үнэ өсч түүний дотор амин чухал хэрэгцээ болсон эмний үнэ урьд хожид байгаагүйгээр нэмэгдлээ.
Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах талаар мөн ч олон удаа хүсэлт тавьж ирсэний дээр энэ талаар Монголын Ахмадын Холбооноос удаа дараа тавьсан саналыг огт тоохгүй орхиж байгаа нь төр засгийн оновчтой бодлого мөн үү. Монголын ахмад настнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалсан Монголын Ахмадын Холбооноос тавьж байгаа хүсэлтүүд нь нийт ахмад настнуудын төр засагтаа тавьж байгаа шахалт шаардлага нь тодорхой тооцоо судалгаан дээр үндэслэн тавьсан хүсэлт гэдгийг эрх биш харж үзэж хэрэгжүүлэх цаг хугацаа болсон гэдгийг зориуд дурдаж байна.
Саяхан Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд асан А.Ариунзаяа ажлаа хүлээлгэж өгөхдөө бид өөрсдийн өмнө тулгамдсан чухал асуудлын нэг болох ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж нэмэгдүүлэхтэй холбогдсон бүхий л тооцоог хийж дуусгасан. Цаашид УИХ-аар хэлэлцэж хэрэгжүүлэхэд бэлэн болсон тухай телевизээр онцлон тэмдэглэсэн билээ.
Гэтэл энэ талаарх тооцоо УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхгүй орхигдож үхэх өдрөө хүлээсэн хэдэн хөгшчүүдийн тэтгэврийн зөрүүтэй асуудал хаягдав. Ахмад настан бид нар нийгмийн даатгалын шимтгэлийг нэг насаар төлж ирсэн учраас асуудлыг зоригтой, үндэслэлтэй тавьж хариугаа сонсох бодол эрмэлзэлтэй байна.
2022 оны эхээр малчид голдуу нилээд ахмадыг даатгалд шимтгэл төлсөн, төлөөгүйг нь үл харгалзан 20 жил ажилласан гэсэн үндэслэлээр бүгдийг 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй болгосон.
Ингэхэд төр засгийг удирдаж байгаа та нөхөд нийгмийн амьдралын толгой дээр суучихаад урьдахаасаа дүгнэлт хийхгүй, авхаалж самбаагүй, санаачилга идэвхигүй, овсгоо чадваргүй ажиллаад байгаа юм биш үү.
Эрх баригчдын аливаад урагшгүй, маневр хийх оролдлого идэвхигүй төсөвтөө үрэлгэн, авсан зээлээ бодлоготой, хэмнэлттэй зарцуулахаа ухаардаггүй, гадаадын хөрөнгийг яаж татахыг санааширч мэддэггүй байдал байсаар байгаа нь нэгэнт тодорхой болжээ.
Энэ байдал ажилд үргэлжилсээр байгаа учраас л мөнгө хомсдож улс орны өнгө төрх, ирээдүй доройтсоор байгаа биз дээ. Та нөхдөд улс орныхоо байгалийн баялгаас зэргэлдээ орших Хятадын өлсгөлөн зах зээлд гаргаад ард олноо олигтой амьдруулчих арга сүйхээ даанч алга уу? Улсын Их Хурлын гишүүд, сайд дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад та нөхөд баян чинээлэг улс юм билээ. Ардын үгэнд “Өлсгөлөнгийн зовлонг цатгалан мэддэггүй” гэсэн үнэн үг санаанд буух юм даа.
УИХ-ын зарим гишүүд, сайд нар ахмадуудын энэ хүсэлтийг анхаарч хэрэгжүүлэхийн оронд уг хүсэлт өргөдлийг гар дамжуулан яаманд нь шилжүүлсэнээр аргацааж өнгөрөөдөг явуургүй байдал байсаар байгааг зориуд тэмдэглэж байна.
За одоо та нөхдөд хэдэн хүсэлт тавъя.
- Ахмадууд тэтгэврийн зөрүүг арилгах, нэмэгдүүлэх талаар олон жил хүлээсээр, хорвоог орхисоор байхад улам бүр чимээгүй орхисоор байгаа учир шалтгааны талаар Сангийн яам, Эдийн Засгийн Хөгжлийн яам, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны сайд Б.Жавхлан, сайд Ч.Хүрэлбаатар, сайд Т.Аюурсайхан нарын санал, зорилго, бодлогыг сонсоё.
- УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо ахмадуудтай энэ асуудлаар зориуд уулзаж учир холбогдлыг сайтар тайлбарлан, цаашид ямар арга хэмжээг хэдийд авч хэрэгжүүлэх талаар яаралтай танилцуулж, ярилцлага хиймээр байна.
- Ер нь Монгол улсад тэтгэврийн тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын төлөв зорилтыг хөгжилтэй, хөгжиж байгаа орнуудтай харьцуулсан Засгийн Газрын дүгнэлт танилцуулгыг сонсоны дараа бид асуудлаа хэвлэл, радио, телевизээр дахин тавих болно.
ХОВД АЙМГИЙН АХМАДЫН ХОРОО
Сум, багуудын хурал өдөрлөг дээр өндөр настан ахмадуудаас гаргасан хүсэлт, сэтгэгдлийг нэгтгэж хүргүүлэв.
Харилцах утас: 9943-9151, 9943-7007, 9947-6242, 9943-7886, 9933-8078