Сүүлийн үед зам тээврийн осол хот, хөдөөгүй ихээр гарах боллоо. Өглөө гэрээсээ гарсан ч дүрмээ баримталдаггүй, нийгэмшээгүй балмад жолооч нарын гайгаар хайртай хүмүүсээ орхиж байгаа нь байж болзшгүй асуудал. Жолооч нарын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг аль хэдийнэ болсон ч холбогдох байгууллагууд нэг л шийдвэртэй хөдөлж өгөхгүй байна. Миний бие одоогоос хоёр жилийн өмнө жолооч нарыг сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах асуудлыг хөндөж байсан нь тохиолдлын хэрэг биш байлаа. Тэрхүү асуудал хөндсөн өгүүллээ дахин нийтлэв.
ЖОЛООЧ НАРЫГ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛАЯ
Аливаа улсын хөгжил дэд бүтцийн хөгжлөөс шууд хамаардаг. Энэ үүднээс 21 аймгийг нийслэл Улаанбаатартай авто замаар холбох ажилд сүүлийн жилүүдэд нэлээд ахиц гарсан. Ихэнх аймгууд ч засмал замтай болж, цаг хугацаа, ая тух гээд иргэдийн болоод ачаа тээвэрлэлтийн тал дээр мэдэгдэхүйц дэвшилд хүрсэн билээ. Харамсалтай нь сайны хажуугаар саар гэгчээр засмал зам дээр хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, гүйцэд түрүүлэх, шөнийн цагт гэрлээ шилжүүлэхгүй байх, хэт ядарсан үедээ болон согтуугаар жолоо барих гээд жолооч нарын шууд буруутай үйлдлээс болж жил бүр олон зуун хүн хайран амиа алдаж байна. Хэдэн жилийн өмнө дөө, танил ах маань эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Хэнтий аймаг руу зорчиж явтал нэгэн хар жип гэнэт урсгал сөрж гарч ирээд хүүе гэхийн завгүй мөргөчихсөн гэдэг. Уурын мунхаг жолоочийн балмад үйлдлээс болж нэгэн гэр бүл тэгж сүйрсэн дээ. Энэ оны долдугаар сард л гэхэд хэчнээн хүн авто ослоор амиа алдав? Зөвхөн долдугаар сарын 9-15-ны хооронд буюу зургаахан хоногийн дотор 25 хүн ослоор хорвоог орхилоо шүү дээ! Техник бол техник. Жолоочид алдаа гаргах эрх байхгүй. Үүнийг ойворгон сагсуу, ухамсаргүй, дураараа хүмүүс яагаад ойлгож ухаарахгүй байна вэ?!
Жил ирэх бүр авто ослоор амиа алдах хүний тоо өсөх нь цөөхөн монголчуудын хувьд зүгээр л сүйрэл. Бүр үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Тийм учраас төр засаг, холбогдох төрийн байгууллагууд, хууль хяналтынхан нэн шуурхай авмаар байна.
Хамгийн нэгдүгээрт, авто сургуулиудын чанар чансаанд анхаарах цаг хэдийнэ болжээ. Жолооч бэлтгэдэг гэх богино хугацааны курс хөдөө орон нутгийн замд жолоо хэрхэн барих талаар тусгай хөтөлбөртэй болох хэрэгтэй. Жолооны курс төгсөн гарч байгаа хүмүүст үнэмлэхийг нь өгөхөөс өмнө сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр оруулахад яагаад болохгүй гэж? Нэг л жишээ татая. Хэдэн жилийн өмнө дөө. Нэгэн эмэгтэй такси барьтал гай болж Шар хадны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд байдаг хүн халтуур хийж яваад авсан байдаг. Улмаар өгсөн мөнгийг нь голоод үйлчлүүлсэн хүнийхээ нүд рүү машиныхаа түлхүүрээр цохиж, үр дагаварт нь хөөрхий эмэгтэй нэг нүдээрээ хохироод үлдсэн юм. Эрүүл биш хүний машинд сууснаа яахан мэдэх билээ.Түүн шиг мэдрэл сэтгэцийн хувьд хэвийн биш хүмүүс олноороо жолоо бариад явж байгааг үгүйсгэхгүй. Тийм учраас л автобусны жолооч нараас эхлээд машинтай хүн болгоныг эмчийн үзлэгт нэгдсэн журмаар оруулах ажлыг салбарын яам санаачилсан зохион байгуулах хэрэгтэй байна! Орчноо дүгнэх, мэдрэх чадваргүй, аливаад уужуу тайван ухаанаар хандах сэтгэлгүй, юм л бол уурлан бачимдаж, бусдад гай болж явдаг жолооч нэртэй “адгууснууд” Улаанбаатараар дүүрэн байна. Явган хүний гарцаар гарч яваа хүнийг зогсч өнгөрөөсний төлөө сигналаа орилуулдаг оркууд хөдөөгийн замд гарахаараа яaж явдаг нь дэндүү тодорхой. Урсгал сөрөх хэрэг хийчихээд буруугаа хүлээх нь бүү хэл цагдаагийн өмнөөс хэрэлдэж, шаардлага тавьсан өндөр настай эмээг хэл амаар доромжлох хоосон толгой хэвийн хүн үү? Ердөө хоёрхон секундын тэсвэр тэвчээргүй “жолоочдыг” маш яаралтай сэтгэл мэдрэлийн үзлэгт оруулахаас өөр арга алга.Тээврийн цагдаагийнхан ч хяналт шалгалтаа улам өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарлаа. Энх цагт монголчууд бид цаг бусаар хорвоог орхих ёсгүй!
Д.Дорж