“Ланд-200” машин жолоодож олон машин мөргөж, хоёр ч хүүхэд гэмтээсэн эмэгтэйн талаар фейсбүүкчид шуугиулж байна. Энэ аймшигтай осол гараад удаагүй байхад Баянзүрх дүүрэг, Ботаникт 32 настай согтуу жолооч хүн дайрч, хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Мөн нийгэм даяараа согтуу жолооч нарыг зүхэж эхэллээ. Мэдээж согтуугаар машин барьж хүний аминд хүрнэ гэдэг байж болшгүй асуудал. Гэхдээ гар утас барингаа замын хөдөлгөөнд оролцдог дэндүү хэнэггүй хүмүүс согтуу жолоочоос дутахааргүй заналхийлж байгааг яагаад ярихгүй байна вэ? Жолоогоо тавьчихаад хоёр гараараа мессеж бичээд явж байгаа ухаан дутуу этгээдүүд ч хот, хөдөөгүй олон байна. Машин барьж байж гар утсаараа кино, клип үзээд үе үе ухаан алддаг халтуурчдыг яах вэ?
Зогсоол байхгүй юм чинь гэдэг тэнэг шалтаг хэлээд автобусны буудал руу ороод ирдэг жолооч нэртэй ухамсаргүй нөхдүүд иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаагаа ойлгодог болов уу?
Автобусны жолооч гэдэг ухамсар, соёлын хувьд өдөр бүр доголдол гаргадаг хүмүүст байнга хяналт тавих хэрэгтэй бус уу? Олон хүний амь насыг хариуцан яваагаа үл тоож хурд хэтрүүлэх, гэрлэн дохио зөрчихөөс гадна нэг гараараа утсаа, нөгөө гараараа жолоогоо бариад гар утас, таблетаар элдэв бичлэг үзээд хэнэггүй явж болох уу? Тэдний хариуцлагагүй, ухамсаргүй үйлдэл дор гэм зэмгүй олон хүн эрсдэлд амьдарч байна!
Д.Дорж