“Илүү их уншъя” уриатай зохион байгуулж буй номын баярын гурав дахь өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсантай богино хугацаанд ийнхүү хөөрөлдлөө.
-Манай ард түмэн эртнээс эрдэм номыг дээдэлж ирсэн уламжлалтай. Бидний өвөг дээдэс гэлтгүй орчин цагт хүүхэд залуус эрдмийг шүтэж, номыг эрхэмлдэг нь энэ удаагийн номын баяр өргөн дэлгэр болж байгаагаас харагдаж байна л даа?
-Миний Монгол бол Энэтхэгийн их жолоодогч Жавхарлал Неругийн үнэлснээр дорно дахины номт таван гүрний нэг билээ. Хоёрхон бөхтэй тэмээнийхээ нуруун дээр хамаг нандин зүйлээ авч явдгийн хамгийн эхэнд ном, судар нь явдаг. Энэтхэг улс дорнын гүн ухааны их шастир “Ганжуур”, “Данжуур”-аа суурьшил иргэн атлаа бүрэн бүтнээр нь авч явж чадалгүй он цагийн урсгалд дутаажээ. Тэгэхэд монголд бүрэн бүтэн байж байдаг. Жагар орныхон ихэд гайхаж хэзээнээсээ номын барилдлагатай ард түмэн учир монголоос “Ганжуур”, “Данжуур”-ынхаа бүрэн эхийг нөхөн авч байсан гэхээр миний монгол номын ертөнц гэдэг нь батлагдаж байгаа юм.
Монгол Улсын Их хурлын даргын ивгээл дор 32 дахь удаагийн номын баярт АНУ-ын Элчин сайд Жонатан Эдлтон цаад талаас, наран тивээс Энэтхэгийн Элчин сайд, нар ургадаг далайн дундаас Наран улсын Элчин сайд хүртэл ирсэн байх нь монголын номын баяр дэлхийд танигдах том баяр болж байгаа юм байна. Цагаан сар, улсын их баяр наадмын дараа ордог оюун ухааны их наадам болжээ гэж бодож суулаа.
-Та номын баярт ямар бүтээлээрээ уншигчидтайгаа уулзаж байна вэ?
Энэ удаагийн номын баярт “А тэргүүнт монгол ертөнцийн гурав” гэдэг ширээн дээр зогсоогоороо ордог ботьтой ирлээ. Мөн “Аугаа шооч Ренчиний аянгын егөө үгс” хоёр ботьтой ирлээ. Ертөнцийн гурав бол АНУ-аас Монгол Улсад сууж байгаад буцсан Элчин сайд Жоннатан ……….. гуайн хэлснээр, монголд гурван сайхан зүйл бий. Нэгдүгээрт эх орон нь, хоёрдугаарт ард түмэн нь, гурав дахь нь ертөнцийн гурав нь байж. Элчин сайдыг улс төр хариуцдаг юм байх гэсэн чинь оюуны том өвийг өөр хэн ч хэлээгүйгээр уншдаг байх юм.
“А тэргүүнт монгол ертөнцийн гурав” номыг нэг залуу таван хүүхдийнхээ нэр дээр гурав, гурван сая төгрөг гаргаж байгаад хэвлүүлээд өгч байх юм. “Улаанбаатар бархан” сайхан хэвлээд өгч байна. Тэгэхээр номыг бүтээгчдээс гадна нэг том гавьяатай бүтээгч нь номыг ивээн тэтгэгчид юм.Дараагийн номын баярт ном бүтээгчдийг урамшуулж алдаршуулаасай.
Урд буур буур тэмээ, бух бух үхэр, азарга азарга адуугаа өгч байгаад “Алтан ганжуур”, “Ганжуур Данжуур”, “Жадамба” бүтээгээд ах дүү, удамдаа дурсгадаг байсан соёл монголд дэлгэрч байгаад өвгөн би их баярлаж байна. Миний үзэг нэгт нөхдөөс гадна бидний номыг дэлхийд хэвлэн тараадаг том барханууд байна, принт гэдэг үг буруу шүү. Бархан гэдэг юм. Бараар барладаг уламжлалт хэвлэлийн газрыг манайхан бархан гэдэг байлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэвийн 35 ботийг нэг сайхан залуу хэвлэн гаргаагүйсэн бол өдийд тэр хүний аугаа суут оюуны бүтээл дэлхийд хүрч чадахгүй байлаа. Ер нь аливаа улсыг хөгжин бадрах уу, бууран доройтох уу гэдгийг ном соёлоор нь харж болно. Тиймээс миний эх орон улам мандан бадрах юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ