ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан албан тушаалтнууд эхнээсээ уучлалт гуйж, зээлээ төлж барагдуулах нь барагдуулж байгаа билээ. Тэдний нэг бол Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар юм. УИХ-ын дарга М.Энхболд Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардсан. Энэ үеэр УИХ-ын дарга “Ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг та мэдэж байгаа. Зээл авсан төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, зээл авч чадаагүй жирийн иргэд бичиг захидал хүртэл олноор ирүүлж байна. Миний хувьд үүнийг шударга шаардлага гэж үзэж байгаа. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрыг толгойлж буй таны нэр холбогдсон. Тиймээс та хариуцлага хүлээх ёстой. Би Таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна’ гэсэн юм.
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамаарал бүхий компани, авсан зээлийнхээ талаар товч тайлбарлаад, иргэд олон түмний болон таны шаардлагыг хүндэтгэж байна. Ойрын үед өргөдлөө өгөх болно гэв.