АН-ын дарга гэх С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж УИХ дахь АН-ын бүлгийн дөрвөн гишүүнийг намаасаа хөөх шийдвэр гаргасныг зарлалаа.
Тэрбээр “Эрх баригч нам Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, хуулийн бус аргаар өөрчилж, төрийн түрэмгийлэл хийлээ. Үндсэн хуулийг олонх хамгаалахгүй бол бид тэмцэнэ. Эхний ээлжинд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах явцад хувийн эрх ашгаар хандсан АН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон Ц.Туваан, С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Б.Бейсен нарын дөрвөн гишүүнд хариуцлага тооцож, намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан. Энэ дөрвийг намаас хөөснөөр АН парламент дахь бүлгээ татан буулгахаар боллоо. Харин УИХ дахь зөвлөл байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Д.Ганбат ажилланa” хэмээн мэдэгдэв. С.Эрдэнэ АН-ын УИХ дахь бүлгийг тарааж байгаагаа ийнхүү мэдэгдсэн ч нөгөө тал нь эсрэг байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн АН-ын шийдвэрийг О.Цогтгэрэл тэргүүтнүүд хүлээж авахгүй нь тодорхой.
С.Сүлд