Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулна
Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг судалж, цаашид шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан, ЭЗХЯ холбогдох байгууллагуудтай хамтран танилцуулга бэлтгэн Засгийн газрын хуралдаан бүрт хэлэлцүүлж буй юм.
Танилцуулгатай холбогдуулан, валютын ханшийн зөрүүнээс үүдэлтэй тээвэрлэлтийн үнийн өсөлтийг судалж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулах саналыг боловсруулж, Хилийн боомтын зөвлөлөөр хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Б.Жавхлан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь Монгол Улсын өмч болгох ажил урагшилж байна
Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт”- хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 276,3 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлага, “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 204,4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлагыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан гэх төлбөрт суутган тооцохыг Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.
Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах ажил үргэлжилж байна. Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь өмчлөх ажил урагшилж байна. Дараагийн харилцан суутгал хийх хэлцэл үргэлжилнэ” гэлээ.