АН одоогоор албан ёсны даргагүй байгаа. Тэрч бүү хэл хоёр хуваагдсан нөхцөл байдал удирдах дээд хүрээнд нь ч, гишүүд дэмжигчдийнх нь хүрээнд ч байсаар байна. Х.Баттулгын хувьд АН-ын даргын сунгаа гэгчийг зохион байгуулж 96 хувийн саналаар намын даргаар “тодорсон” ч Дээд шүүх бүртгэж авах хүсэлтийг нь хэлэлцэхээс татгалзсан. Үүнийг мэдэрсэндээ ч тэрүү хүсэлтээ эргүүлэн татсан. Хамгийн гол нь С.Эрдэнэ нарын өргөн барьсан АН-ын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэсэн нь Х.Баттулгын боломжийг хаачихсан юм.
Юутай ч С.Эрдэнийн талынхан АН-ын шинэ даргын эрэлд хатаж байх шиг. Зарим эх сурвалж “Ц.Элбэгдоржийг АН-ын даргад өргөмжлөхөөр болж гэнэ” хэмээн хардсан бол сүүлийн өдрүүдэд С.Баярцогтыг АН-ын даргад зүтгүүлэхээр тохирсон талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн байх юм. Энэ үнэн бол С.Баярцогтыг С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын фракциас дэмжиж байж болох талтай. Х.Баттулгын хувьд С.Баярцогтыг шоронд элгээсэн гол буруутан гэдэг ойлголтыг төрүүлсэн шүү дээ. Гэхдээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Дарханы иргэдтэй хийх уулзалт дээрээ “Би Баярцогтод хэлсэн. Чи зүгээр Монголын төрөөс яв гэж” хэмээн хэлж байсан удаатай. Гэхдээ цаг үе, нөхцөл байдал яаж өөрчлөгдсөнийг хэн ч хэлж мэдэхгүй л дээ. Дээр нь хувь хүнийх нь нэр хүнд олны дунд ямар байгааг тооцоолсон байх учиртай.
Д.Дорж