Согтуугаар машин барьсан жолоочид оноох шийтгэлийг харьцангуй чангатгасан. Торгуулийн хэмжээг ч нэмсэн. Харамсалтай нь согтуугаар машин барих хэрэг буурахгүй байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 2022 оны 6 дугаар сарын 11-ний шөнө шалгалт хийхэд 655 согтуу жолооч баригджээ. Зөвхөн баригдсан нь энэ. Цаана нь хэчнээн жолооч нэртэй нийгэмшээгүй эрлэгийн элч гэмгүй хүмүүсийн амь насанд заналхийлээд явж байгаа бол!
Архи, согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг бол ерөөсөө л хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой заналхийлж байгаа хэрэг. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирвол санаатай гэдэг агуулгаар зүйлчлэх ёстой гэж олон иргэн үздэг. Сайн ухаад бодвол яах аргагүй санаатайгаар хүний аминд хүрсэн гэдэг ангилалд тохирохоор хэрэг л дээ.
ОХУ-д л гэхэд согтуугаар хүн дайрч хөнөөвөл санаатайгаар бусдын аминд хүрсэн гэж үзэхээр хуульчилсан. Манайд энэ л дутаад байх шиг. Жолооч нарын ухамсар, сэтгэхүй, хариуцлага хэтэрхий доогуур байна! СОГТУУ ЖОЛООЧ ХУТГА БАРЬСАН АЛУУРЧНААС Ч АЮУЛТАЙ!
С.Болд