Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүдийн тоог 120 болгох саналыг зарим улстөрийн намууд дэмжсэн. Эрх баригч МАН-ын албан тушаалтнууд дотор ч үүнийг дэмжиж байгаа хүмүүс байгаа юм билээ. Бас эсэргүүцэх улстөрчид ч байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хууль тогтоогчдын тоог нэмэх, эсэх асуудал дээр санал зөрөлдөж байна гэсэн үг. Тухайбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Италийн парламентын 2 танхим нийлээд 945 суудалтай. 2020 онд хийсэн санал асуулгын дүнд энэ тоо 600 руу буусан. Ирэх сонгуулиас хэрэгжинэ. Итали 60 сая хүнтэй. Тэгэхээр нэг гишүүн дунджаар 100 мянган хүн төлөөлөх нь. Манайд нэг гишүүн 40 гаруй мянган хүн л төлөөлж байгаа. Италийн стандартаар бол бид 33 л гишүүнтэй байхаар. Тэгэхээр гишүүд/дарга нарын тоог нэмэх тухай яриа хэр логиктой бол? Дэд (хурган) дарга нарыг цөөлчихөөд том дарга нар тоогоо нэмэх нь хэмнэлт үү? Юун нэмэх. Одоо байгаа 76 нь боломжийн бөгөөд хангалттай” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Түүний энэ үгээр бол манай УИХ-ын гишүүдийн тоог нэмэх бус хасах хэрэгтэй мэт.
Д.Дорж