Хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.
–Манай улс ардчилсан тогтолцоонд шилжээд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд пропорционал болон мажоратор, холимог гэх мэт олон төрлийн сонгуулийн тогтолцоог ашиглаж ард иргэдийн төрд төлөөлөх төлөөллийг сонгож байсан. Таны хувьд манай улсад хамгийн тохиромжтой сонгуулийн тогтолцоог аль нь байх боломжтой гэж үзэж байна вэ?
-Монгол Улс 1990 онд ардчилсан төрийн тогтолцоотой болсноос хойш нийт есөн удаа УИХ-ын сонгууль явуулсан байна. Хамгийн эхний буюу шилжилтийн үеийн сонгуулиар АИХ-ын депутатуудыг олонхыг төлөөлөх тогтолцоогоор, Улсын бага хурлын гишүүдийг пропорционал тогтолцоогоор буюу улс төрийн намд өгсөн саналаар нь АИХ-аас сонгож байсан.
Тиймээс шууд бүх ард түмний сонгууль болсон гэж үзэхэд өрөөсгөл. Үүний дараа 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш нийт найман удаа УИХ-ын сонгууль явуулснаас долоог нь олонхыг төлөөлөх буюу мажоратор тогтолцооны хэдэн янзын хувилбараар явуулсан байдаг.
Харин 2012 онд хосолсон тогтолцоо буюу УИХ-ын гишүүдийн 2/3 нь буюу 48 гишүүнийг тойргоос, 28 гишүүнийг улс төрийн намуудад өгсөн саналаар нь хувь тэнцүүлэн сонгох тогтолцоогоор явуулсан. Тиймээс манайд туршиж үзээгүй сонгуулийн тогтолцоо байхгүй гэж ойлгох нь учир дутагдалтай.Тухайлбал, цэвэр пропорционал тогтолцоо, хүнжүүлсэн пропорционал тогтолцоо, шилжих саналын тогтолцоо зэрэг олон тогтолцоог манай улс туршиж хараахан үзээгүй байна.
-Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ашигласан олонхыг төлөөлөх буюу мажоратор тогтолцоог цаашид ашиглахад ямар хүндрэл бэрхшээл тулгараад байна вэ?
-Сонгуулийн уг тогтолцоог өөрчлөхгүй бол бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөгжлийнхөө томоохон боломжуудыг алдсан буруу замналаасаа гарч чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс олонхыг төлөөлөх тогтолцоо цаашид манай улсад тохирохгүй, хөгжлийн бодлогыг гацаагч, тойргийн төсвийг тойглож, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнгүй болгож, улсаа өрийн хавханд оруулж байна. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр парламентын ардчилал бэхжихгүй гэдэг дээр эрдэмтэн, судлаачид, улс төрийн намуудын дийлэнх нь санал нэгдэж байна. Хөгжиж байгаа, амжилттай байгаа парламентын ардчилалтай Бүгд найрамдах улсуудын дийлэнх нь хувь тэнцүүлэн сонгох буюу пропорционал тогтолцоог хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн намд өгсөн саналд нь хувь тэнцүүлж парламентын суудлаа хуваарилах тогтолцоо юм.
-Манай улсад дээр дурдсан сонгуулийн олон тогтолцооноос алийг нь хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй гэж үзэж байна вэ?
-Шилмэл, сонгогдсон сонгуулийн тогтолцоо буюу хамгийн сайн сонгуулийн тогтолцоо гэж байхгүй. Хамгийн сайн сонгуулийн тогтолцоо гэдэг нь тухайн улсынхаа эрхэм зорилго, төрийн байгуулалт, нийгмийн байдалд тохирсон байхыг л хэлээд байгаа юм. Нэгэнт олонхыг төлөөлөх сонгуулийн тогтолцооны олон хувилбарыг туршиж үзээд энэ тогтолцоо манайд тохирохгүй гэдэг нь тодорхой болсон учраас пропорционал сонгуулийн тогтолцоог ашиглан төлөөллийн байгууллагаа сонгодог болох шаардлагатай байна. Пропорционал сонгуулийн тогтолцоо дотроо бас олон төрөл бий. Би хувь судлаачийнхаа хувьд хүнжүүлсэн пропорционал тогтолцоог Монгол Улсад хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа. Ийм сонгуулийн тогтолцоо Герман, Швед зэрэг орнуудад амжилттай хэрэгжиж байна.
-Хүнжүүлсэн пропорционал тогтолцоо гэдэг нь бусдаасаа ямар ялгаатай байх вэ. Жаахан дэлгэрүүлэх боломж бий юү?
-Тус тогтолцоогоор тухайн парламентын гишүүдийн талыг нь тойргоос сонгодог бол талыг нь намд өгсөн саналаар сонгох юм. Гэхдээ суудлаа хуваарилахдаа намд өгсөн саналаар нь хувь тэнцүүлэн хуваарилдаг. Өөрөөр хэлбэл, сонгогч хоёр санал өгөх бөгөөд эхний саналаараа тойргийн нэр дэвшигчээ сонгох бол, хоёр дахь саналаа аль улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэн дугуйлах юм. Эцэст нь аль улс төрийн нам хэдэн хувийн санал авснаар нь суудлыг нь хуваарилдаг. Ингэж хуваарилах үед шууд сонгогдсон гишүүд нь намд ногдох суудлаас цөөн байвал тухайн намын жагсаалтаас нэмж оруулах, их байвал бусад намуудад хувь тэнцүүлэн жагсаалтаас нь нэмж оруулах юм.
-Тус тогтолцооны сул болон давуу тал нь юу вэ?
-Пропорционал тогтолцооны давуу тал нь сонгогчийн өгсөн санал гээгддэггүй. Нийт сонгогчид ямар төртэй байхыг хүсч, ямар намуудын төлөөллийг төрд оруулахыг хүснэ тэр нь толины тусгал мэт парламентад орж ирдэг. Төлөөллийн зарчим маш сайн хангагддаг. Мөн улс төрд шинэ улс төрийн хүчин орж ирж, олон ургалч үзэл парламентат орж ирэх боломжийг бүрдүүлдэг. Харин сул талын тухайд УИХ-д олон улс төрийн хүчин орж ирэхээр Засгийн газраа байгуулах хэмжээний олонх бүрдэхгүй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнд эвслийн Засгийн газар байгуулагдах нөхцөл шаардлага үүсдэг. Мөн хэт олон намын төлөөлөл УИХ-д орж ирвэл Засгийн газар нь тогтворгүй болох эрсдэл ч бий. Гэхдээ эдгээр эрсдэлтэй талыг хаах хууль эрх зүйн зохицуулалт, механизм бий. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын 3-5 хувийн санал авсан улс төрийн намууд суудал хуваарилалтад оролцдог. Энэ нь хэтэрхий олон намууд орж ирэх нөхцөл боломжийг хаадаг. Хоёрдугаарт, эвслийн Засгийн газар байгуулагдахаар ямар нам, ямар хүмүүсээр Засгийн газраа удирдуулах шийдэл нь сонгогчдыг санал өгөх үед харьцангуй тодорхой бус байдаг. Гэхдээ ардчилсан байдлаар Засгийн газраа байгуулснаар нэг намын дарангуйллаас салах боломжийг бий болгоно. Олонхыг төлөөлөх буюу мажоратор тогтолцоо бол ялагч бүхнийг авна гэх зарчимтай. Тухайлбал өнөөдөр МАН-ынхан нийт сонгогчдын 43 хувийн саналын дэмжлэг авсан мөртлөө парламентын 80 гаруй хувийг эзэлчихсэн, Засгийн газар дээр 100 хувийн эрх мэдэлтэй болчихсон байна. Гэтэл дэлхийн улс орнуудын ардчиллын хөгжил зөвшилцлийн ардчилал руу явж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд нь гудамжинд жагсаал, тэмцлээр бус, парламентдаа орж ирээд эвлэж нэгдээд Засгийн газраа байгуулдаг, улс төрийн хүчнүүд асуудлаа парламентдаа хэлэлцэж дундын зөв шийдлээ ярьдаг хэлбэр рүү орж байна. Бид энэ хөгжлийн замаас хоцорч болохгүй. Энэ чиглэл рүү явах шаардлагатай.
-Сонгуулийн тогтолцоогоо өөрчиллөө гэхэд иргэдийн саналыг худалдаж авдаг, мөнгөний гэх тодотголтой сонгууль явахгүй гэх баталгаа бий юү?
Хувь тэнцүүлэн сонгох тогтолцоогоор улс даяараа нэг тойрог болох учраас улс даяар сонгогчдыг худалдаж авах хэмжээний тийм баян хүн, гадны хүч байх боломжгүй болно. Энэ бол манай улсын ардчиллын дархлаа, тусгаар тогтнолын бас нэг хамгаалалт, шийдэл болох юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь том гэгдэх намууд нэр дэвшигчдээ шилж олохдоо мэдлэг чадвартай хүнийг сонгохоосоо илүү тухайн тойрогт мөнгө зарж, сонгогчдын саналыг худалдаж авч чадах хөрөнгөлөг хүмүүсийг эрж хайдаг байсан. Хэрэв одоо хувь тэнцүүлсэн тогтолцоонд шилжвэл бодлогоор өрсөлдөж, түүнийг хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийг улс төрийн намууд оруулж ирэхийг хичээх юм.
Нэг үеэ бодвол сонгогчдын боловсрол дээшилсэн учраас улс төрийн намууд хувь тэнцүүлсэн тогтолцоо хэрэгжиж эхлэхэд намаа хорлох гээгүй л бол авлигач, хулгайч, нэр муутай улстөрчдөө аль болох жагсаалтад оруулахаас татгалзах байх. Оруулбал тэр улс төрийн нам, намын гишүүд бүхэлдээ хохирно. Монгол Улсад тохиромжтой сонгуулийн тогтолцоог сонгоход харгалзаж үзэх бас нэг нөхцөл бол манай улсын хүн амын нягтаршил багатай байдал юм. Тиймээс зах хязгаар нутагт амьдардаг, орон нутгийн иргэдийг төлөөлөх бодитой төлөөлөл бас байх шаардлагатай. Үүнд дээр дурдсан Герман улсын сонгуулийн тогтолцоо нэлээд тохирч байгаа. Учир нь тал нь тойргоос сонгогчдын эхний саналаар сонгогдож, тал нь пропорционал тогтолцоогоор сонгогдох юм. Бүр байг гэхэд 2012 онд явуулсан хосолсон тогтолцоогоор талыг нь тойргоос, талыг нь намд өгсөн саналаар хувь тэнцүүлэн сонгох зэрэг хувилбар байвал манайд хамгийн тохиромжтой гэж үзэж байна.
Өдрийн сонин. П.Батзаяа.