Эмээлт дэх махны үйлдвэрийг тойрсон асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Бэлтгэсэн махаа муутгахгүйн тулд цогцос хадгалах бодис ашигладаг байсан нь үндсэндээ нийтэд ил болоод байгаа юм. Улмаар мэргэжлийн хяналтын албаныхан шалгалт хийж нэлээд олон зөрчил илрүүлж, улмаар арга хэмжээ авах болжээ. Тухайлбал, Эмээлтэд байрлах Хятад эзэнтэй “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан байна.
Үүгээр ч зогсохгүй Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ. Хэрвээ иргэд уг асуудлыг гаргаж тавиагүй бол яах байсан бол? Ялангуяа хүнсний аюулгүй байдалтай холбоотой үйлдвэрлэлийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагууд хянаж байх ёстой бус уу? Өөрөөр хэлбэл, хэзээ зөрчил илрэх бол гэж хүлээгээд суух бус алдаа дутагдал гаргахгүй байхад онцгой анхаарч ажиллах нь мэргэжлийн хяналтынхны үүрэг биз дээ? Ниргэсэн хойно нь хашгирдаг буруу жишгээ хэзээ болих вэ?! Хүнсний үйлдвэрлэл, худалдаанд мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт байнга хийгдэж байх ёстой!
Д.Дорж