УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн дөрөвдүгээр сарын ирцийн талаар мэдээлэл хийх үеэрээ чуулганы нэгдсэн хуралдаанд хоцроогүй, таслаагүй гишүүддээ талархал илэрхийлэв. Уг нь УИХ-ын байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааныг таслахгүй байх нь эрхэм гишүүдийн үүрэг. Өөрөөр хэлбэл, ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэж амалж гарч ирдэг биз дээ? Энэ үүрэг амлалт нь гишүүдэд хамаатай бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос эхэлнэ. Гэтэл “Намайг сонгоод өгвөл эцэж цуцахаа мэдэхгүй ажиллана” гэж ам тангараг өгөн байж гарч ирчихээд чухал шаардлагатай хуулийн төслийг хэлэлцэх үеэр ажлаа таслах, хоцрох нь хэвийн үзэгдэл болсон бололтой юм. Эгэл жирийн иргэдийн хувьд ажлаа таслаад байвал нэг л өдөр халагддаг. Гэтэл адилхан ажлаа тасалж байгаа гишүүдэд хариуцлага тооцдог тогтолцоо хэзээ бий болох вэ?!
Харин ч хууль тогтоогч хүн илүү ухамсартай, хариуцлагатай байх ёстой биз дээ? Энэ бол тэдний үүрэг. Энэ утгаараа албан ажлаа таслаагүй гишүүдэд баяр хүргэж, талархал илэрхийлэх нь илүүц байлтай. Учир нь тэд ажлаа л хийсэн!
Д.Лхагва