Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.05.04) зургаан хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Тухайлбал:
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенц, зөвлөмжид Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг бүрэн нийцүүлэх, хуулийн хэрэгжилтийн явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ирүүлсэн холбогдох байгууллагын санал зэрэгт үндэслэн Эрүүгийн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага тулгарсан. Иймд дээрх хэрэгцээ, шаардлагад үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон террозимыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан гэмт хэргийн гаралт буурах, авлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна гэж үзжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
Хуулийн төсөлд тусгасан асуудлуудыг товч танилцуулбал.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг харгалзах зохицуулалтыг нэмж, ингэснээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах нөхцөл бүрдэнэ гэж үзлээ.
-Улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах гэмт хэргийн харьяаллыг тагнуулын байгууллагад хамааруулах, сонгуультай холбоотой хэргийн харьяаллыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх өөрчлөлтийг тусгаад байна.
-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг дуудан ирүүлэх болон албадан ирүүлэх эрхийг нэмэв.
-Яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх нь хуулийн этгээдийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг саад учруулахад хүргэж, улмаар энэ нь хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчихөд хүргэдэг тул эдгээрийн эрх ашгийг хамгаалах үүднээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг нэн тэргүүнд зогсоох, саад учруулахгүй байх зохицуулалтыг тусгалаа.
-Таслан сэргийлэх арга хэмжээний үр нөлөөг харгалзан хувийн батлан даалт авах таслан сэргийлэх арга хэмжээг нэмж тусгав.
-Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх, авлигын хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, мэргэшсэн шүүгчээр шийдвэрлүүлэх үүднээс давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэдэг байх, давж заалдах эрхийг Улсын дээд шүүхэд хангах бодлогыг баримтлан холбогдох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа.
Хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл, хэрэгжүүлэхэд нөлөөлөх сөрөг үр дагавар арилж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшлэх болно гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.