Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Э.Батшугар, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нар өнөөдөр (2022.05.03) “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.1-ийн 2.1.8-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.” гэж заасан.
Төрөөс эмийн хэрэглээ, чанар, аюулгүй байдлын талаар бодлого, үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилгоор төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийсэн. 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэй байгаагаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP-ын шаардлагыг хангаагүй. Мөн стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй, дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байсан тул ЭМДСангаас хөнгөлөлттэйгээр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж тус тус дүгнэжээ.
Түүнчлэн зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгаагаас үйлдвэр – 30 (2014 оны шалгалтын дүн), эм ханган нийлүүлэх байгууллага – 252 (2015 оны шалгалтын дүнгээс), эмийн сан – 1528 (2016 оны хяналт шалгалтаас) байна. Зах зээлд хийгдэж буй урьдчилан сэргийлэх хяналтаар 2014 онд 49, 2015 онд 130, 2016 онд 519 нэр төрлийн эм Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй байна. Нөгөөтэйгүүр дотоодын зах зээлд байгаа эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмтэй орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй байгаа нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөө бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.
Гишүүд тогтоолын төсөл өргөн мэдүүлсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, дотоодын зах зээлд байгаа эмийн орц, найрлага нь стандартын шаардлага хангаж байгаа боловч үзүүлэх үйлчлэл нь харьцангүй өөр байгаа талаар иргэдийн зүгээс маш олон гомдол, санал ирүүлсээр байна. Иймд Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулах тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын 21 гишүүн өнөөдөр өргөн мэдүүлээд байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ, монгол эмч нарын ур чадвар сайн, аргачлал нь дэлхийн стандартад нийцсэн эмчилгээг хийж чаддаг болсон. Харин чанартай, үр дүнтэй эмчилгээг хийхэд ерөөсөө л эмийн чанарын асуудал байна. Өнөөдөр тендер нэрийн дор хамгийн хямд эмийг бүтэн гучин жил эрүүл мэндийн салбарт нийлүүллээ. Тийм учраас бид Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон эмийн тогтолцоо, эмийн чанарын хяналт, эм үйлдвэрлэл, тээвэрлэлт, ложистик зэрэг бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг чанартай байлгахад түүнийг хянадаг байх энэ тогтолцоо өөрөө сайн байхаас өөр аргагүй юм гэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.