УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Хуулиараа асуудлыг тав хоногийн дотор шийдэх учиртай. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо хоёр удаа хуралдсан. Улсын Ерөнхий прокурорын газраас нэр бүхий гишүүдээс мэдүүлэг, нэмэлт тайлбар авсан. Бид УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу уржигдар дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, нэр бүхий дөрвөн гишүүнээс бичгээр нэмэлт тодруулга, тайлбар авсан. Улмаар өнөөдөр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, нэмж ирсэн тайлбар, тодруулгатай танилцаж, гишүүн тус бүр дээр асуудлыг хэлэлцлээ. АТГ-аас ч гишүүдийг гэрчээр дуудаж, уулзсан байна. Дөрвөн гишүүний хувьд ямар нэгэн саад учруулаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм билээ. Энэ бүхнийг харгалзаж үзээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжих боломжгүй гэж үзэж, санал дүгнэлтээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ” гэв.