Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөрлөлөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. З.Мэндсайхан “Гурил, махны үнийг тогтворжуулах зорилтын хүрээнд ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн зээл олгоно. Өнөөдөр нөөцийн үхрийн мах 8900, хонины мах 8300, ямааны мах 7100 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Харин хонины махны 250 төгрөгийн хөнгөлөлтийг Засгийн газрын нөөцийн хөрөнгөөс гаргаж, мах бэлдсэн ААН-үүдэд өгөх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Түүнээс гадна мах бэлтгэдэг 23 аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд махныхаа үнийг100 төгрөгөөр бууруулснаар хонины мах нийтдээ 350 төгрөгөөр хөнгөлөгдөж 7950 төгрөг болж хямдрахаар боллоо. Гулуузуур нь 7750 төгрөгөөр худалдаална. Мөн нөөцийн мах зарж буй цэгүүдийг 20-иор нэмэгдүүлнэ’ гэлээ.