Шүүхийн Сахилгын хорооны энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар зургаан шүүгчийн асуудлыг хэлэлцэж, шийтгэл оногдуулав. Тодруулбал: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт огцруулах, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт зургаан сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулах, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Дээрх шүүгчдийн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн цаг хугацаанд цугларсан үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн зөрчилд тооцож сахилгын шийтгэл оногдуулав.
Эргэн сануулахад, Б.Баасанцогтыг зүй бус үйлдэл гаргахад хамт байсан шүүгч нарын асуудал нийгмийн сүлжээнд тарж, багагүй шүүмжлэлд өртөж байсан юм.
Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан.
Дашрамд дурдахад, шүүгчдэд сахилгын хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хороо нь сануулах, торгох, огцруулах арга хэмжээ авах эрхтэй юм.
Шүүхийн сахилгын хороо