Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцалсан. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм үргэлжлэхийг бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулсан. Харамсалтай нь олон нийтийн газарт амны хаалтгүй явах хүмүүсийн тоо олширох боллоо. Коронавирусын халдварын эрсдэл буураагүй, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо хэлбэлзэлтэй байгаа ийм хүндхэн үед худалдаа, үйлчилгээний газруудын халдвар хамгаалал эрс суларчээ. Гар ариутгагчтай, халуун хэмжигчтэй дэлгүүр, зах өдрийн од боллоо. Том, жижиг дэлгүүр, нэртэй гэгддэг сүлжээ супермаркетуудын худалдагч, касс нь хээв нэг амны хаалтгүй үйлчилж байгаа харагдана. Амны хаалтгүй орж ирсэн хэрэглэгчдэд шаардлага тавих ёстой, тийм үүрэгтэй хүмүүс шүү дээ, уг нь! Хэрэгцээт бараагаа худалдаж авсныхаа төлөө өвчин тээгээд гэртээ харьж болох уу?! Мэргэжлийн хяналт нь ажлаа хийгээч ээ!
Ё.Болд