Монгол Улс эрчим хүчний гүн хямралд орсныг Эрчим хүчний сайд хүлээн зөвшөөрлөө. Нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх жилээс эхлэн цахилгааны хязгаарлалт хийж эхэлнэ гэдгийг ч шулуухан хэлчихэв. Айл өрхийн цахилгааны шөнийн цагаар таслах юм байх.
Манай улс цахилгаанаас гадна дулааны хувьд асуудлаа бүрэн шийдэж чадаагүй. Монголын нийслэлийг, угтаа бол Монгол Улсыг авч яваа III, IV цахилгаан станцын хувьд хүйтний оргил үед ачааллаа даахгүй болсоор удаж байгаа. V цахилгаан станц барих асуудал чамгүй олон жил яригдаж байгаа ч одоо болтол таг. Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн ажил хэзээ эхэлж, хотын зүүн бүсийнхэн магнай тэнийхийг ёстой чөтгөр л мэдэх биз ээ.
Цахилгаан, дулааны доголдол бол яах аргагүй аюул дагуулах эрсдэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Нэг өвөл энэ хотод харанхуй нүүрлэх магадлал маш өндөр байна гээд бодохоор цаг алдах эрх Засгийн газар, Эрчим хүчний яаманд байхгүй. Элдэв жагсаал цуглааны шаардлагад хариу өгч болно. Гэхдээ Монгол Улс, монголчуудын амь амьдрал, цаашилбал Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой амин чухал асуудлууд дээр илүү анхаармаар байна! Н.Тавинбэхийн хувьд өмнөх зарим сайд нарыг бодвол салбараа сайн мэддэг мэргэжлийн хүн. Одоо цаг хугацаа алдаж алгуурламааргүй байна.
Эмнэлэгт тавхан минут л цахилгаан тасрахад хэчнээн олон хүүхэд, өвчтөн амь насаа алдах бол?! Цахилгаан удаан хугацаагаар тасарвал хэчнээн үйлдвэр аж ахуйн газар дампуурч, өлсгөлөн нүүрлэх вэ?! Ингээд бодоод үзэхээр үнэхээр аймшигтай байгаа биз дээ?! Нийт хүн амынх нь талаас илүү нь нийслэлдээ төвлөрсөн гээд бодохоор Монгол Улсын зүрх нь яах аргагүй Улаанбаатар хот! Эрчим хүч байн байн доголдоод байвал энэ зүрх нэг л өдөр зогсох вий!
21 дүгээр зуунд цахилгааны хязгаарлалтын тухай яриад сууж байгаа нь таны хэлснээр бүдүүлэг юм даа, сайдаа.
Д.Лхагвадорж