Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болсон билээ.Уг хуралдаанаар Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэсэн юм.
Энэ бүхний цаана чухам болов? Намын дүрмийн өөрчлөлтийн хамгийн гол заалт нь АН-д Үндэсний Бодлогын Хорооны дарга гэх шинэ албан тушаал нэмэгдсэн явдал аж. АН-ын Үндэсний Бодлогын Хорооны дарга нь АН-ын ҮБХ-ы хурлыг зарлах, даргалах чиг үүрэгтэй байх юм байна. Хэрэв АН УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал намын дарга нь Ерөнхий Сайд, намын ҮБХ-ы дарга нь УИХ-ын дарга болох гэнэ. Мөн хамгийн гол нь АН-ын Үндэсний Бодлогын Хорооны дарга нь АН-ын даргыг огцруулах эрхтэй байх аж. Өөрөөр хэлбэл нэгэнтээ “Би энэ намыг өгөхгүй’ хэмээсэн С.Эрдэнэ ядахдаа 2024 он хүртэл АН-ын удирдлагад суух замаа хэдийн засчихжээ. С.Эрдэнэ тун удахгүй АН-ын даргын сунгааг шинээр явуулахын сацуу өөрөө зөрөөд АН-ын Үндэсний Бодлогын Хорооны дарга болно. Нэгэнт АН-ын Үндэсний Бодлогын Хорооны дарга нь АН-ын даргыг огцруулах эрхтэй тул хэн намын дарга болох нь түүнд огт сонин биш. Өөрөөр хэлбэл 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлт С.Эрдэнэд 2024 он хүртэл тус намыг удирдах боломжийг хууль, эрх зүйн хувьд нээж өгсөн байна.
О.Чулуу. sonin.mn