АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байгаа Ж.Батсуурь санал хураалт явуулахын өмнөхөн нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Монгол орноо нар зөв бүтэн тойрон 21 аймаг, 330 суманд ажиллаж АН-ын 15 мянга гаруй гишүүдтэй уулзалт хийлээ. Очсон газар болгонд АН-ын гишүүд халуун дотно хүлээн авлаа. Намын анхан болон дунд шатанд ямар нэгэн хагаралгүй байгаа нь сайхан санагдлаа. Тэд намын эв нэгдлийг хангах талаар олон сайхан захиас даалгавар өглөө. Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад 2022 оны 3 дугаар сарын 31-нд Дээд шүүх АН-ын дүрмийн шинэ нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж авснаар нөхцөл байдал шинээр үүслээ. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэрийг албажин гарах хүртэл намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчилсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг АН-ын Дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч бидний саналыг хүлээн авсангүй. Иймд миний бие АН-ын дотоод сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэгчлэн өгүүлэв.
Түүний энэхүү шийдвэрийг С.Эрдэнэ /Ц.Элбэгдорж/ тэргүүтний ээлжит хариу мэх гэж улстөрийн хүрээнийхэн дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар цаашдаа АН гэдэг нэгэн дээвэр дор ойлголцох боломжгүй боллоо гэсэн үг.
Д.Лхагва