Засгийн газрын хуралдаанаар эдийн засагч Л.Наранбаатарыг “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар томилсон билээ. Гэхдээ тэр хүн шууд ажлаа авч чадаагүй. Учир нь тус үйлдвэрийг хувьчилж авсан хүмүүс үйлдвэрээ хүлээлгэн өгөхөөс эрс татгалзаж, улмаар хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн юм. Одоо асуудал цагдаа шүүхдээ тулж байх шиг байна. Тэгвэл өнөөдөр Л.Наранбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Төрийн өмчийг хулгайлж, луйвардаж авсан нөхөд төр нь хувийн хэвшлээ дээрэлхээд байгаа ч юм шиг нөхцөл байдалд оруулах гэж үзэж байна. Буруу мэдээллээр ард түмний тархийг угааж байна. Төр хулгайд алдсан хөрөнгөө л олж авсан. Энэ үйлдвэрийн хувьчлал бол цэвэр дээрэм байсан. Энэ үйлдвэрийн ажилчдын нийгмийн байдал асар хүнд болсон байна. Ажилтнуудын цалинг нэмээгүй, бас цагтаа тавьдаггүй байсан. Нийт ажилтнуудын дөрөвний нэг нь халагдсан байгаа юм. Энэ мэт олон асуудал хөндөгдөж байна. Бид нэг зүйлийг ялгаж салгах хэрэгтэй байна. Өнөөдөр бизнес, хулгайгаа ялгамаар байна. Энэ бол бизнес биш хулгай шүү. Хувийн өмч, төрийн өмчөө ялгамаар байна. Энэ бол Монголын ард түмний өмч, баялаг юм шүү” гэж мэдэгдэв.