Нэгэн ерөнхий боловсролын сургуулийн урлагийн танхим. Нийт эцэг, эхчүүдийн хурал болж байна. Нийгмийн ажилтан яриа таниулга хийж, зөвлөгөө өгнө. Хүмүүст аль болох хэрэгтэй мэдээлэл өгөх гэж ихэд чармайсан нь танилцуулгаас нь харагдаж байлаа. Олон талын эх сурвалжтай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээс гадна Монгол хүүхдийн зан суртахууны онцлог тохирсон зөвлөгөө бэлджээ. Гэтэл ярианы дундуур нэгэн эмэгтэй “Одоо наадахаа боль. Өөр юм яримаар байна” гэх нь тэр. Түүний энэ авирыг цөөнгүй эцэг, эх дэмжиж заалны уур амьсгал хормын дотор өөрчлөгдөв. Нийгмийн ажилтан ч аргаа бараад яриагаа зогсоолоо. “Энэ хүн ажил мэргэжлийнхээ хувьд надаас биднээс хавьгүй илүү шүү дээ’ гэдэг ухамсараар хүний үгийг сонсч, тусгаж авах нь бүү хэл, хүлээн зөвшөөрөхгүй байна.
Өнөө цагийн хүмүүс хүний үгийг сонсч чадахаа больчихож. Зөвхөн өөрийнхөө үзэл бодолд итгэчихээд багш, эрдэмтэн мэргэд, ахмад хүмүүсийн үгийг тусгаж авах чадвараа алдаж байгаа нь ганцхан энэ жишээнээс тод харагдлаа. Харамсалтай гэхэд үүн шиг харамсалтай өөрчлөлт байхгүй. Бодит байдлыг мөн чанараар нь үнэлэх чадваргүй, эргэцүүлж, харьцуулж, шүүн тунгаах ухаангүй, бусдыг үл тоосон, дээрэнгүй, хүлээцгүй, биеэ тоосон адгийн зан нийгмийн сэтгэлзүйг тодорхойлох болсон нь даанч эмгэнэлтэй. Хамгийн харамсалтай нь эцэг, эхийнх нь муу муухай чанар үр хүүхдэд нь хөнөөлт вирус шиг халдварлаж нийгмийн оюун санааг өвчлүүлж гүйцэх нь! ӨӨРСДӨӨ ХҮНИЙ ХҮНИЙГ СОНСЧ, ТУСГАЖ АВЧ ЧАДАХГҮЙ МӨРТӨӨ ҮНЭН ҮГ ХЭЛСЭН НЭГЭН РҮҮ ЦӨӨВӨР ЧОНО ШИГ ДАЙРНА!
Д.Лхагвадорж