АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөж байна. Тэд орон нутагт гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, бодлого зорилт, мөрийн хөтөлбөрөө танилцуулж явна. Гэхдээ С.Эрдэнэ тэргүүтэй Ц.Элбэгдоржийн багийнхан намын даргыг сонгох энэхүү үйл явцыг хүлээн зөвшөөрөхгүй гэж удаа дараа мэдэгдэж байгаа. С.Эрдэнийн хувьд хэзээ ч Х.Баттулгад АН-ын даргын тамгыг өгөхгүй гэж анхааруулсан бол АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр “Баттулгад АН-аар овоглох эрх байхгүй. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар Ардчилсан намаас Х.Баттулга нэр дэвшиж, ялалт байгуулсан. Энэ хүн Ардчилсан тогтолцоог хамгаална гэж нэр дэвшсэн ч Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо маргааш нь Монголын ардчилалд заналхийлж эхэлсэн. Мөн Ерөнхийлөгчийн засаглалыг ил болон далд хэлбэрээр сурталчилж эхэлсэн. Тэр битгий хэл ардчилсан тогтолцоо хэрэгтэй эсэхийг хэлж ярьж явсан. Ийм хүн Ардчилсан намын даргын гишүүн битгий хэл даргын сунгаанд өрсөлдөх эрхгүй. МАН-ын зөвлөх яагаад АН-ын даргад өрсөлдөнө гэж. Энэ асуултад Ерөнхий сайд хариулт өгөх ёстой. Ардчилсан намыг самрах гэж өөрийнхөө зөвлөхийг нэр дэвшүүлж байна уу?” гэж мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ч АН-ын даргын сунгааг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд амжсан. Үүнээс үзвэл Х.Баттулга олонхийн санал авч АН-ын даргаар сонгогдлоо гэхэд утга учиргүй хэрүүл маргаан өрнөх нь тодорхой болж байх шиг. Гэхдээ Дээд шүүх АН-ын даргын сунгааны үр дүнг хүлээн зөвшөөрч Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэж авбал нөгөө тал нь яаж ч эсэргүүцээд нэмэргүй л дээ. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга Ардчилсан Нам гэдэг нэр дээр эзэн сууна гэсэн үг. Тэрбээр үүнд л итгэж найдаж явна.
Д.Дорж