Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.
– Монголбанкны ерөнхийлөгч саяхан Орос, Украины дайнаас болж доллар чангарахаас аргагүйд хүрчихлээ гэсэн утгатай мэдэгдэл хийж, тэр мэдэгдлийн дараахан долларын ханш шууд гучин төгрөгөөр нэмэгдсэн. Үнэхээр дайны нөлөө байсан уу, эсвэл бид дайнд хөөрчхөв үү?
– Шуудхан хэлэхэд, дахиад л айдас дээр тоглох гэж байна. Эрх баригчид өнгөрсөн хоёр жил цар тахал гэж иргэдийнхээ айдас дээр тоглосон. Гэтэл одоо залгуулаад Украины дайны айдас дээр тоглолт хийж эхэллээ. Ер нь айдсын менежментээр явчихъя гэж бодоод байх шиг. Ингэж хардах бүрэн үндэс байна.
2013-2016 он хүртэл их хямрал үргэлжилснийг та мэднэ. Дараа нь жил хагас гайгүй болсон. ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлсний хүчинд. Тэд манай банкны системд том реформ хийх далимаар таван их наядын хөрөнгө оруулалт оруулж ирэх үйл явц өрнөж байдал арай наашилсан. Гэтэл залгуулаад хоёр жил хагасын хугацаанд цар тахал нүүрлэсэн. Энэ хугацаанд хамгийн хүнд ачааг үүрсэн нь бизнес эрхлэгчид. Ашгүй нэг тахал цаашиллаа гээд амьсгаа авах гэтэл Украин, Оросын дайн дэгдлээ.
– Эрх баригчид цар тахлын хоёр жилийн турш айдас дээр тоглосон гэж та хэлэх гээд байна уу?
-Тэгсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд долоон удаагийн хөл хорио тавьсан. Эдгээр хөл хорионоос улбаалсан эдийн засгийн сөрөг нөлөөллүүд дээр ямар ч дүгнэлт, анализ хийгээгүй.Төсвийн алдагдал гэхэд л өнгөрсөн хоёр жилд нийтдээ найман их наядаар хэмжигдсэн. Харамсалтай нь үүндээ дүгнэлт хийж, дараагийн менежментээ хийсэнгүй л дээ. Менежментээ хийх гэж ядаж байтал дараагийн айдас ороод ирчихлээ.
– Би түрүүн төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл, долларын ханшийн өсөлтийн талаар тодруулсан. Таны ярианаас анзаарахад Монголбанк хүртэл дайны айдас дээр тоглолт хийж валютын ханшийг өсгөчихжээ дээ?
-Украинтай холбоотой асуудлаар манай улс төрийн гурван өндөрлөг ямар ч мэдэгдэл хийхгүй нуугдчихсан байна л даа. Монголбанкны ерөнхийлөгч өнгөрсөн сарын 28-нд Орос, Украины явдлыг сенсаци болгож хүчтэй мэдэгдэл хийгээд долларын ханшийг чангаруулсан нь буруу алхам болсон. Долларын ханш сүүлийн дөрвөн жил 1,851 дээр байсан. Нэг ханшин дээр ингэж тогтвортой байх нь өөрөө их том асуудал шүү.
– Харин ч тогтвортой байгаа нь сайн хэрэг биш үү, эсвэл та долларын ханш өнөөдрийнхөөс ч буух бололцоотой гэж хэлэх гээд байна уу?
-Өнөөдрийнхөөс ч буух боломж бүрэн байсан. Хэдийгээр 2019-2021 онд цар тахал үргэлжилсэн ч татварын орлогууд биелсэн, худалдааны тэнцэл эерэг гарч байлаа. Өөрөөр хэлбэл, тэр жилүүдэд төгрөгийн ханш чангарах ёстой байсан юм. Гэтэл төгрөгөө чангалахгүйгээр ганцхан тоон дээр хүчээр барьчихсан. Уг нь валют зах зээлийнхээ дүрмээр хувьсах ёстой.
– Ам.долларын ханш доошиллоо гэхэд хэд хүрч уруудах бололцоо байсан бэ?
-2600 төгрөг рүү уруудах бололцоо байсан. Харамсал тай нь сая Украинаар далимдуулаад хорь, гучин төгрөгөөр нэмчихлээ. Долларын ханшийг өндөр байлгах нь эрх баригчдад хэрэгтэй байдаг л даа. Энэ үзэгдэлд нэг шалтгаан байдаг юм. Ерээд онтой холбоотой шалтгаан. Алт дилерийн хэрэгтэй хамаатай. Манайх дөрвөн тонн алтаа алдсанаас хойш олон улсын валютын зах зээл дээр тоглолт хийж чадахаа больчихсон.
Бирж дээр явагддаг худалдан авалтын том тоглолтод манайх оролцохоо байчихсан. Нөгөө талдаа манайх валютын эрэлт нийлүүлэлтийг арилжааны банкуудаар дамжуулж зохицуулж яваа. Одоо үүнийгээ валютын биржид гаргах цаг болсон. Валют бирж дээр гарах ёстой. Эрх мэдэлтэн, хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаанаар шийдэгдэх ёсгүй.
– Монголбанкны ерөнхийлөгчийн хаа холын дайнаар айлгаж долларын ханш өсгөсөнтэй ижил өнгөтэй мэдэгдлүүд ар араасаа цуварч эдийн засгаа хүлчих вий гэсэн болгоомжлол төрж байх юм уу танд?
– Иймэрхүү утгатай мэдэгдэл ар араасаа гараад ирэх вий гэсэн айдас болгоомжлол төрж байна.
– Тэнд өрнөж буй дайн бидэнд яг яаж нөлөөлөх бол, яажшуухан аж төрвөл дайны цагт дажгүй амьдарчих боломж байна вэ?
-Баахан зээл аваад идчихсэн улстөрчид рүү биш, юм бүтээчихсэн хэдхэн компанийг сорчилж аваад нам дарах маягаар шувтрах тийшээгээ хандаж буй Хөгжлийн банкны шуугиантай холбоод харахад л бидэнд боломж өчнөөн байна. Ясны үйлдвэрийн асуудал дэгдсэнийг та санаж байгаа байх. Италийн технологиор яснаас тос гаргаж бордоо үйлдвэрлэж байгаа үйлдвэр. Агуулахад нь дүүрэн бордоо байна. Ясны бордоо бол нэг номерын бордоо. Макро, микро элементийн аль аль нь байдаг учраас хоёр, гурав дахин үнэтэй.
Жишээ нь, сангасны бордоонд зарим элемент нь дутуу байх жишээний. Украины байдлаас болоод бордооны үнэ гурав дахин буюу 300 хувь нэмэгдчихсэн. Украины хувьд улаанбуудай, тослог ургамлын гол тоглогчдын нэг. Улаанбуудай гэхэд л мянган доллар хүрчихлээ. Ойрын 14 жилд тохиогоогүй хамгийн өндөр үнэ. Та бод доо, өнөөдөр бордооны үнэ гурав дахин өсчихсөн байхад манайд өндөр чанараараа гайхагддаг ясны бордоо агуулах дүүрэн хэвтэж байна. Тэр үйлдвэрийг барьсан эмэгтэйг нугасалж, бизнесийг нь унагах биш харин ч илүү сайн ажиллахад нь дэмжлэг үзүүлэх ёстой. Манай газар тариалан гэхэд л ОХУ, Зүүн Европоос орж ирэхээ больсон учраас бордоо том асуудал болоод байна.
– Улаанбуудайн үнэ арав гаруй жил ажиглагдаагүй өндөр түвшиндээ хүрсэн гэж та онцоллоо. Засгаас улаанбуудайн дээрээ зөв менежмент хийвэл эдийн засагт нэмэртэй алхам болох нь ээ?
-Тэгнэ. Улаанбуудайн дээрээ зөв менежмент хийх цаг ирчихлээ. Засгийн газар өнгөрсөн жил ковидоор айлгаж буруу менежмент хийгээд гурилын үйлдвэрүүдэд Оросын будаа шахчихсан. Тариаланчид ийм шалтгаанаар буудайгаа нийлүүлж чадаагүй. Тэдний хураасан буудайн ихэнх нь үтрэм дээрээ байгаа. Цас хайлбал хэцүүдэх нь гэсэн асуудал яриад яваа. Гэтэл өнөөдөр улаанбуудайн үнэ 14 жилд байгаагүй өндөр дүнтэй болчихлоо, энэ цагийг зөв ашиглах хэрэгтэй.
– Ковидын хоёр жилийг айдсаар удирдсан эрх баригчид дайныг далимдуулж мөн л айдсаар удирдаад явчихвал эдийн засагт хэр муу нөлөө үзүүлэх бол?
-Нэгэнт хэцүүдсэн эдийн засгаа улам л сөхрөөнө. Харамсалтай нь эрх баригчид айдсын менежментээ дайны айдсаар үргэлжлүүлэх нь тодорхой болчихлоо л доо. Украины туг мандуулсан ч цагдаа нь очиж дарамталж байна шүү дээ. Энэ бол хийрхэл. Төр засаг үүнийг дэмжээд дуугүй сууж болохгүй. Хэн ч дайныг хүсэхгүй. Монгол Улсын хэн нэг иргэн шар улаан даавуу бариад зогсож л байг л дээ. Нэг бизнес эрхлэгч нь компанийнхаа барилгын гадна Украины далбааг мандуулаг. П.Цэнгүүн бол либерал үзлийг 30 жил тууштай дэмжиж. тэр үзлээрээ амьдарч яваа хүн. Улаанбуудайнд төрөөс татаас өгөхөд ганцаараа авахгүй гэж явсан компанийн захирал. Үнэ тогтоох бизнесийн эрхээ төрд булаалгаж гол эрхээсээ салмааргүй байна гээд татгалзсан. Хатуухан хэлэхэд, манай төрийн гурван өндөрлөг юу ч хийж чадахгүй бантчихсан сууна л даа. өнөөдөр. Улс төр, бизнес. эдийн засгийн шийдлийг гаргах ёстой. Хүний өөрийн гэлгүйгээр мэдлэгтэй боловсролтой, туршлагатай хүмүүсийг Төрийн ордонд цуглуулаад яг ямар шийдэл гаргахаа ярилцаж хэлэлцээд суух учиртай.
-Манай улсын хувьд чимээгүй байхаас аргагүй том шалтгаанууд бий, тийм учраас таг чиг суугаа юм биш үү?
-Бид төвийг сахисан улс. Төвийг сахисан тунхаг нь байхад тэрийгээ эртхэн зарлачихад болохгүй юм үгүй. Ингэхийн оронд энэ эргэлзээтэй байдлыг далимдуулж айдсын менежментийг бага багаар хийж эхэлж байгаа нь харамсалтай. Шуудхан хэлэхэд, манай төрийн гурван өндөрлөг яг юу хийхээ мэдэхгүй паникт орчихсон байх шиг. Улс орноо паникаар удирдаж болохгүй. Одоо энэ дэмий паникаасаа гарч байдалдаа зохицож, өөртөө ашигтай байх боломж бүрийг ашиглаж, үнэ нь тэнгэрт хадсан бордоо, улаанбуудайн дээрээ зөв менежмент хийх хэрэгтэй.
Товчхондоо чоно цатгалан, хонь бүрэн менежмент хийх ёстой. Ядаж л эдийн засагтаа ийм менежмент хиймээр байна. Нэг зүйлийг онцлоход, Украин Оросын дайныг цэрэг дайны талаас харахаас гадна хүмүүнлэгийн талаасаа нэгдэх процесс маш эрчимтэй явагдаж эхэлснийг анзаарах учиртай. Манай нам социал демократ. Эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх ёстой нам. Тэгвэл энэ үзэл бодлынх нь төлөөх тэмцэл тэнд болж байна.
– Танай нам социал демократ хэрнээ тэр үзлийнхээ эсрэг хандлагыг их тод цухалзуулаад байгаа харагддаг. Тэр нь ковидын хоёр жил маш тодорхой анзаарагдлаа л даа…?
-Уг нь нам гэдэг чинь үзэл дор нэгдэх ёстой. Гэтэл манай нам мянгуулаа сууж байгаад нэг үзэл олж авсан юм. Цуглаж суугаад социал демократ гэдэг үзэл олоод авчихсан учраас өнөө үзэл нь хэвшиж өгөхгүй байна л даа. Тэгэхээр нэг зүйлийг онцолж хэлмээр байна.
Олж авсан үзлээ амьдрал болгохын тулд ядаж л эхлэх ёстой. Тэр эхлэлээ Украин дээр тавих хэрэгтэй. АН-ыг дампуу бүтэхгүйгээр нь дуудаад л байна. Үнэн хэрэгтээ АН үзэл дээр нэгдсэн учраас хэчнээн тарж бутарч хагарсан ч сүнстэйгээ яваа.
Сүнстэй учраас хэзээ л бол хэзээ босоод ирэх боломжтой. Харин манай намд сүнс байхгүй. 200 мянгуулаа энэ янзаараа сүнсгүй яваад байвал тун удахгүй мөхөлтэйгөө нүүр тулах эрсдэлтэй. Дахиад хэлэхэд, социал демократ үзэл бол ерөөсөө л эрх чөлөө, шударга ёс, тэгш эрхийн төлөө нэгдэх. Украины ард түмэн эрх чөлөөний төлөө тэмцэж байна. Социал демократ нам юм бол ядаж эрх чөлөөгөө хамгаалах хэрэгтэй.
– Социализм, коммунизм амь тавиагүй юм биш үү гэж хэлэхээр олон үйл явдал өрнөлөө л дөө, өнгөрсөнд. Одоо ч тийм өнгөтэй үйл явдал нүдэн дээр өрнөсөөр байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Коммунизм коммунизмтойгоо дуусчихсан гэж боддог байлаа, өмнө нь. Харамсалтай нь үргэлжилдэг юм байна гэдгийг харж сууна. Ний нуугүй хэлэхэд, Хөгжлийн банкны хуулийг солингуутаа манай намын баахан нөхөд зээл авчихсан байсан нь сая ил боллоо. Иймэрхүү зүйлс дээр нэлээд нарийн дүгнэлт гаргуулаад хариуцлагажуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр энэ бүх булхайгаа дарж, Украины дайн гэдэг айдас бий болгож, хэнд ч үзэл бодлоо илэрхийлэх боломж өгөхгүй коммунизм руугаа орно гэж улайрч болохгүй. Ер нь коммунистуудын гол тоглолт дайн байлдаан гэх мэт иймэрхүү зүйлс дээр явагддаг.
– Хөгжлийн банкны асуудал дээр нарийн дүгнэлт гаргуулах хэрэгтэй гэдгээ тодруулаач?
-Ковидын үеийн хоёр жил гаруйн хугацааны тухайд хараат бус судалгаа шинжилгээний баг гаргаж ажиллуулах хэрэгтэй. Тэр үеийн төсвийн алдагдал хаачсан, сонгуульд зарцуулсан эсэх гээд эргэж харах олон асуудал бий.
– Tөp бизнес рүү орох хандлага хүчтэй хэвээр байгаа нь та бид хоёрын яриад суугаа өнөө салж өгдөггүй коммунизмтой холбогдох үзэгдэл байх…?
-Мөнгө харагдаж буй салбар руу төр орох гээд байгаа нь үнэн л дээ. Энэ нь эргээд чөлөөт зах зээлээ устгах аюултай. Өнөөдөр амжилттай яваа өндөгний үйлдвэрийг төр булаагаад авч болно. Харамсалтай нь төрийн авсан ямар ч бизнес сарын дараа үүдээ барьдаг нь жам. Өнгөрснөөс тийм жишээ түүвэл барагдахгүй. Өөрөөр хэлбэл. коммунизмд амь бөхтэй орших боломж байхгүй.
– Манай эрх баригчид энэ дайныг дуусан дуустал таг чиг, яг өнөөдрийнхөөрөө аж төрвөл гуравдагч хөршийн зүгээс ирэх хандлага ямар байх бол?
-Хулчгарууд гэж ойлгоно л доо. Үзэл бодлын тууштай зарчим дээрээ зогсож чадна гэдэг хүн төрөлхтний нэг гол зарчим. Мэдээж биднийг өрөвдөлтэй байдалд аж төрж суугааг дэлхий харж, мэдэж байгаа. Гэхдээ Монгол гэдэг улс гучин жил хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ардчилсан зам, чөлөөт зах зээлээр явсан. Ардчиллаа бий болгохын тулд дэлхийн бүх л улсаас тусламж авсаар ирсэн түүхтэй орон. Ийм түүхтэй улс энэ цагийн явдалд хэрхэн хандах бол гэсэн хүлээлт бидэнд тусламжийн гараа сунгасаар ирсэн улсуудад байгаа нь мөн л мэдээжийн асуудал. Наад зах нь дайныг эсэргүүцэж байна гэсэн утгатай мессэжийг өгч болно биз дээ. Дайныг эсэргүүцэх нь аль ч ард түмний хүсэл. Дайныг хүсдэг ард түмэн гэж үгүй. Тэгж чаддаггүй юм аа гэхэд ядаж л хувьцаа нь 98 хувь унасан “Газпром”- той гэрээ зураад суумааргүй байгаа юм.
– Дайны цагт чухам яавал эдийн засаг маань дажгүй байх вэ гэсэн өнцөг рүүгээ буцаад оръё?
-Урд хил хаалттай удаж байна. Хойд хил хүндэрнэ. Тэгэхээр дотоодод л эргэлт явагдана. Ийм нөхцөлд НӨАТ-ын 80 хувийг иргэддээ буцааж олгох хэрэгтэй. Тэгвэл иргэдийн rap дээр очдог 160 тэрбум төгрөг 600 гаруй тэрбум болж өснө. Иргэдийн орлого хумигдаж зөвхөн цалингаараа амь зуудаг маяг руу орж байгаа ийм хэцүү цагт маш хэрэгтэй шийдэл болно.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2020 оны дөрөв, арваннэгдүгээр сард ковидын үеийн татварын шалгалтыг зогсооно, бүх актуудыг хүчингүй болгоно гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Ингэж мэдэгдсэн хэрнээ татварын хуульд энэ чигийн зохицуулалт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа хийсэн мэдэгдлүүд ийм шалтгаанаар лоозон төдий болчихсон яваа. Тэгэхээр УИХ-ын гишүүд энэ талд анхаарах хэрэгтэй. Ковидын үеийн татварын шалгалтуудыг зогсоож, татварын актуудыг тэглэх шаардлага бий. Үүнээс гадна ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг дэлхийн аль ч өнцгөөс яаж ийгээд авчрах бололцоог нь иргэддээ олгомоор байна.
Одоо ч бараа бүтээгдэхүүн авчирч байгаа л даа. Гэхдээ энд ирэхэд нь дарамталмааргүй байна. Өнөөдөр тээврийн асуудал маш хүнд болсон. Ийм үед тээврээс яагаад гааль, НӨАТ авч байгаа нь ойлгомжгүй. Монгол Улсын газар нутаг дээр үйлчлээгүй үйлчилгээ шүү дээ. ОХУ-аар явсан тээврээс гааль. НӨАТ аваад байгаа нь ойлгомжгүй хэрэг. Ядаж л тээвэр хэцүү байгаа өнөө цагт ложистикийн гааль, НӨАТ-ыг тэглэх хэрэгтэй.
Товчхондоо дайны цагийг айдсаар биш, иргэдийнхээ хүсэл тэмүүллээр давах менежмент хиймээр байна. Төрийн хийх учиртай дараагийн алхам бол төсвийн тодотгол. Тодотголоо цаг алдалгүй хийж хэрэггүй, илүү зардлуудаа танах хэрэгтэй. Дахиад хэлье, ойрын нэг жилийн хугацаанд Монголынхоо зах зээл дотор тоглох боломж л бидэнд байна. Эцэст нь хэлэхэд, 230 мянган хүнтэй төрийн институтийг аль болох хэмнэлттэй ажиллуулах процесс руу явах шаардлагатай бид нүүр тулчихсан. Аж ахуйн нэгжүүдийн хувьд өнгөрсөн долоон жилд хэмнэдгээ хэмнээд, бараг борцлогдчихоод сууж байна. Тэгэхээр одоо төрийн институтийн 80 мянган даргыг ойрын үед 20 мянга руу буулгах хэрэгтэй.
“Өдрийн сонин”. Ц.Баасансүрэн