Одоогоос 37 жилийн тэртээ жаахан хөвгүүд цэрэгт мордож Зүүнбаянгийн АА-ийн 126-р нэгтгэлд 3 жилийн алба хааж отгон цэргүүд болсон түүхтэй. Цэргийн найз Авирмэдийн Баттогтох гэргий Гэрэлчимэгээ хайрлан халамжилж байгааг хараад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Үүнийг би бичиж залуучуудад үлдээе гэж зөвшөөрөл авлаа.
Говь нутагт хавар цас нилээд орсон хайруу жавартай, гэхдээ тооцоолсон хугацаанаас өмнө хонь гэнэт хургалаад тэвдүүлж байна. Сүүлийн хоёр жил хуцаа салгаж төл аваагүй өнөө жил олон мал төллөнө. Ингэ саана хурга авч дулаан байранд авч хонуулна өглөө эхэд нь олж хөхүүлнэ гэдэг хүүхэд асрах дайны ажил л ундарна шүү дээ гэж инээмсэглэх магнайдаа үрчлээтэй ч санчиганд нь буурал сор суугаагүй малчин залуу гитар тоглож инээмсэглэх аж.
-Гэрлээ минь зочин ирлээ хоол унд юу байна за мах чанах уу? Бууз хийх үү? гээд хөл алдаж бужигнав.
“Уг нь урилгатай миний хүүг ирж морин хуур хөглөж өгөөрэй гэсэн тул бид адуу харж яваад зорьж очсон хэрэг. Хуурын аялгуу сонсмогц ойролцоох айлуудаа утасаар дуудлаа. Ийм сайхан хөгжим сонсох дуулж наргих гоё шүү дээ. Оройн ажил нь дууссан байгаа алив Гэрлээ минь залгаарай” гэсээр хэд хэдэн малчин ирлээ. Ээлжилж дуулж хуурдаж гитар тоглож бэсрэг найр боллоо. Яриан дунд төрсөн өдрийн сэдэв орж иртэл миний мэндэлсэн өдөр маргааш шүү дээ. Өө энэ худлаа бичиг баримтыг нь шалгах юм шүү” гэж Өлзий-Орших гэх 60 нилээд гарч яваа насны ахимаг эр халамцуухан хэлж байна. Би үнэмлэхээ үзүүллээ. Нүдний шил гаргаж ирээд уншиж нотлох баримтаар баталгаажиж найр улам чанаржиж утга төгөлдөр болов. Ноён сэврэй хийцийн мөнгөн аягаар ингэний айраг барьж халуун хошуутай мал хонь бэлэглэж 2022 оны 02-р сарын 19 ны өдөр шөнийн 00 цагийг яг хүлээж байгаад гэр дүүрэн хол ойрын зочид нэгэн зэрэг баяр хүргэж миний мэндэлсэн өдрийн баярыг эхлүүлсэн юм.
Миний ач охин Билгүүнсондор өвөө унтая л даа гэж сануулаагүй бол үүр цайтал сууцгаахаар дуулалдаж хөгжилдөв.
Саахалтын бэр хүүхэн сайхан дуулдаг. Дуудая Дундговь нутгийн хүн л дээ гээд машинтай залуу давхиж авчирсан.
Мал төллөхөөс урьтаж малчдаар соёл урлагийн тоглолт явуулж урам зориг сэргээх ажиллагаа явуулахаар юм байна гэж бодогдов. Өглөө Баттогтох эрт сэрээд сэмхэн чимээ гаргалгүй галлаж, хотоо эргэж хоёр ч хонь хургалах аястай байна гэсээр орж ирлээ. Хоёр найз нам дуугаар шивнэх шахам хол ойрын найз нөхдийн талаар ярилцах зуур “Миний хань чинь төв газрын айлын хүүхэд хөдөөний ажил мэдэхгүй. Би өглөө босч галлана. Энэ маань сайхан унтана. Гэр дулаацсан хойно босно. Ингээ би өөрөө саадаг. Хонь малын гэдэс цэвэрлэж бас чадахгүй л байсан. Одоо бол сурсан л даа. Тэр жилийн хаврын цаснаар шөнө малтайгаа уруудаад ханиа алдаж дууссан шүү. Орой тэнгэр муухайрч шуурга ширүүслээ. Хонь уруудахаар хоёул машинтай эргүүлэх санаатай яваад төөрөөд алдсан. Би нэг муу пүүзтэй явж болохгүй. Машин ч цасанд түгжээд зогслоо. Энэ минь хонь эргүүлэх гэж урдуур нь амдаад тэр чигтээ алга! За ингээд л хүний үрийг алдлаа л гэж бодсон. Харин цэргийн битүү цувтай явсан тулдаа нэг борлон тэврээд суучихсан гэнэ. Өглөө үүр цайж гэгээ ороод л юм харагдах болоод ирэхээр нь “За амьд гарлаа, үхэхгүй шүү” гэж бодоод босоод алхасаар айлд ирж утсаар холбоо барьж эсэн мэнд шуурга гаталсан даа, хөөрхий. Хойд айлын өвгөн “Шуурга сөрсөн Сарнай” гэж миний ханийг тоглоом шоглоомоор дууддаг юм. Үгүй ээ, үнэндээ аяга цайгаа хувааж уух хувь заяаг бурхан бидэнд олгосон юм” гэж ярив.
Тиймээ амьдралд өсөх насанд эр, эм, өтлөх насанд эмээ, өвөө одоо шууд зүйрлэж бодвол гэр бүл үүсгэж амьдарна гэдэг нэг зоосны хоёр тал шүү. Ажилтай, ажилгүй, сайн муу, мэддэг мэддэггүй бүхэн нийлээд нэг өрх гэр гал голомт бүрэлддэг хойно сайхан л байна. Гал дүрэлзэж гэргий Гэрлээгийн бэлтгэсэн халуун бууз өглөөний цай бэлэн болжээ. “Би та хоёрынхоо зургийг аваадбичиж үлдээе. Хүний амьдралд, хүүхэд залууст хэрэг болох юм” гэвэл “За тэг хө ингэ саадаг тэрлэгтэйгээ суучихая. Миний ач хамт авахуулна” гэв. Хорвоод мэндэлсэн өдрийн баяраа хөдөө талын Монгол малчин тос даасан Монгол айлд тэмдэглэсэн минь дурсамж болон үлдлээ.
Б.Баярнэмэх